О.НЯМДАВАА
Доктор, профессор
Болодын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл Монголд өнөөдрийг хүртэл нийтлэгдээгүй бөгөөд би 2015 онд Иран улсад Монголын ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж явахдаа түүнийг мэдэрч, судалж эхэлсэн юм. Цөөн монгол эрдэмтэн түүний тухай товчхон бичсэн байдаг. Миний бие “Ил хант улс, Ил хаад” номонд түүний тухай цухас дурдсан. Энэ удаа уг аугаа хүний талаар уншигчдад дэлгэрэнгүй ойлголт өгөхийг зорив.
Болд гэдэг нэр нь ган буюу англиар steel гэсэн нэр юм. Түүний нэрийг БОЛОД гэж Mонголоор галиглан Өрнөдийн болон Хятадын эрдэмтэд тун зөв бичжээ. Түүнийг Перст Пулат-Pulat Chinksank гэж дууддаг. Хятадаар Boluo Chengxiang гэнэ. Болод сайд гэсэн үг юм. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид Болодыг По-ло гэж тэмдэглэжээ. Иймд түүнийг Марко Полотой эндүүрч болохгүй юм. Түүхийн зарим номонд түүнийг Болод Ах (Aqa) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь түүнийг бишрэн хүндэтгэж, оюун ухаан, туршлага, өндөр соёл, боловсролыг нь Ил хант улсад үнэлж, Болд ах хэмээн Өлзийт ханы үеэс хүндлэн дууддаг байсантай холбоотой юм байна. Нөгөөтэйгүүр Болод Чинсан нь өнөөгийн ойлголтоор бол Хубилай цэцэн хааны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Дорно, Өрнийг холбогч соёл, зан заншил, найрамдлын алтан гүүр бологч юм.
Тэрээр Их Юань улсын гурван байгууллагын (яамны)их зөвлөх, Ил хант улсад суух Хубилай хааны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Ил хаадын зөвлөх, Ил хаадын зарлигийг баталгаажуулагч, Судрын чуулганы Монголын түүхийн хэсгийг Рашид ад Дин Хамадинид хэлж бичүүлсэн суут эрдэмтэн, соён гэгээрүүлэгч болно.
Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг Дорно, Өрнөдийг холбосон соёлын их гүүр гэж үнэлжээ. Болод нь Дөрвөн (“Монголын нууц товчоо”-нд гардаг Дува Сохорын дөрвөн хүүхдийн үе залгамжлагч) овгийн гэр бүлд мэндэлсэн. Рашидад-Диний тэмдэглэснээр, Болодын эцэг Журхи (Jurghi Yurki) нь Чингис хааны ордны аж ахуйн эрхлэгч, их хатан Бөртэгийн удирдлагад ажилладаг байсан гэнэ. Тогооч нарыг удирдан ажиллана гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн ажил үйл юм. Харин их хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлийг олж, хажууд нь ажиллана гэдэг том аз завшаан, хариуцлага шаардсан ажил билээ. Эцэг нь их нэр хүндтэй, ховор албан тушаал хашиж, Эзэн хааны түмэн торгон цэргийг захирдаг байсан тул хүү Болод нь их хааны итгэлийг амархан олж авчээ. Тэрбээр Хубилай хааны гэр бүлийн дотоод хүрээлэлд багтаж чадсан нэгэн болмой.
1248 онд Хятадын их эрдэмтэн Чанг Те-Хуй-гээр (Chang te-Hui) ууган хүү Дорж болон Болод нарт хичээл заалгах үүргийг ханхүү Хубилай гаргасан. Хүүхдүүд ойролцоогоор долоо, найман настай байсан бололтой. Болод монгол хэлний зэрэгцээ хятад хэлийг гойд сайн эзэмшсэн, хэлний их авьяастай, гүйлгээ ухаантай, хүний арга барил, эвийг сайн олдог, хичээлдээ их анхааралтай ханддаг байжээ. Түүний бага насны эдгээр чанар нь Хубилай хааны нүдэнд тусаж, улмаар итгэл хүлээлгэсэн нь алхам бүртээ батлагдсаар түүний гарын хүн болтлоо өсчээ.
1260 онд Хубилайг их хаанд өргөмжлөгдсөний дараа, Болод нь эзэн хааны ордны өсөж байгаа залуу ажилтан байж, чухал үүрэг даалгавар гүйцэтгэдэг байв. Тухайлбал, Кашмирийн нэр хүндтэй бурхны шашинтай гэр бүлд үйлчлэх үүргийг хаанаас авч байжээ. Удалгүй 1264 онд Шантуны Тунг-Ших хотод гарсан үймээнийг дарах цэргийн анхны том даалгавар хүлээн авч амжилттай хэрэгжүүлсэн.
Тэрбээр Буурч (Ba’urchi), ордны ёс журам, дизайныг зохиогч, хааны зарлиг шийдвэрийг сонордуулагч, хөдөө аж ахуйн (мал аж ахуйн) үйл ажиллагааны зохион байгуулах албаны тэргүүнээр ажиллахын зэрэгцээ төрийн үйл хэргийн аман болон бичгийн орчуулгыг (Монгол-Хятад) нэгэн адил хийдэг монгол сэхээтний нэгэн байжээ.
Хубилай хаан өөрийн зөвлөх Луй Пинг-чунг болон Болод нарт зарлиг буулгаж, хааны ёслолын үйл ажиллагааг зохион явуулдаг алба байгуулж, хүмүүсийг сонгон сургах үүрэг өгсөнийг тэд биелүүлсэн байна. Тэд хааны ёслолын дүрэм журмыг зохиож, түүнийг хэрэгжүүлэн гүйцэтгэх 200 хүнийг сонгон авч заан сургажээ. Үүргийг сайн биелүүлсэн гэж хаан тэднийг магтан архи хундагалуулан өгч баяр хүргэж байсан талаар тэмдэглэсэн байна. Ийнхүү 1271 онд Төрийн ёс журмыг сахиулах Хубилай хааны ёслолын алба шинээр байгуулагджээ.
Болодод хариуцуулсан дараачийн гол үүрэг бол Төрийн болон цэргийн алба хаагчдын үйл ажиллагааны үнэнч байдал, үүргээ хэр сайн шуурхай хэрэгжүүлж байгааг хянах байгууллагыг шинэчлэх ажлыг зохион байгуулах байв. Ингээд их хаан 1268 онд уг байгууллагыг өөрчлөн байгуулжээ. Уг байгууллагын орлогч даргаар Болодыг томилон ажиллуулж байгаад 1275 онд даргаар нь томилсон аж. Хятад даргатай хамтран уг албыг тэрээр хашсан байна. Монгол, хятад хоёр даргатай байх нь үр дүн муутай байсан тул 1277 онд Болодыг давхар хашиж байсан ажилд нь шилжүүлжээ.
Тэрээр уг албыг хашиж байхдаа Хөдөө аж ахуйн байгууллагын ахлах зөвлөхийн ажлыг давхар хийж байв. Уг байгууллагын чухлыг 1261 онд монголчуудад Болод ойлгуулан хүлээн зөвшөөрүүлж, улмаар Хөдөө аж ахуйг хөхиүлэн дэмжих нэртэй байгууллагыг үндэсэлсэн байна. 1271 онд уг байгууллагыг өргөтгөн захирлаар нь Болодыг томилсон. 1277 онд Болод Хөдөө аж ахуйн ахлах зөвлөхөөр томилогдов. Ийнхүү Хөдөө аж ахуйн ахлах зөвлөхөөс гадна Төрийн болон цэргийн алба хаагчдын асуудлын зөвлөх, Хааны ордны үйлчилгээ аж ахуйн захирал, Хааны ёслолын зохицуулагч, Цэргийн явдлын хүрээлэнгийн туслах захирлаар тус тус ажиллаж байлаа.
Өнөөгийн ойлголтоор бол Хөдөө аж ахуйн яам, Цэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Төрийн ёслолын алба, Төрийн тэргүүнд үйлчлэх албадын ахлах Зөвлөх, зохицуулагчаар ажиллаж, Хааны ордонд нэр нөлөөтэй, Хубилай хааны итгэлт нэгэн болжээ. Ийм ч учраас Хятадын талаас дээрх гол яам, тамгын газарт ажилладаг хүмүүс Болодоор уламжлуулан бодол санаагаа эзэн хаан, түүний албадад ойлгуулж, тайлбарладаг байжээ. Нөгөөтэйгүүр Хятадын нарийн бодлогоос Болод маш сайн суралцаж, Хятадын нийгэм, соёл, зан заншлыг дотроос нь ажиглаж, танин мэддэг болсны зэрэгцээ түүнийг бас хүндэтгэдэг байжээ. Юанийн эзэнт улсын бодлогод их эзэн хааны болон түүний албадын санал бодол, монгол соёл, зан заншил, монгол хүний ухааныг нэгэн адил гарган тусгаж, бас хоёр үндэстний онцлогийг зангидаж нэгтгэж чаддаг байсан учраас их хааны итгэл, найдварыг Болод бүрэн даасан нэгэн байжээ.
Түүнчлэн Болодыг хууль шүүхийн ээдрээтэй, хааны төрсөн дүүгийн асуудлыг зохицуулах ажилд хүртэл оролцуулж байсан гэнэ. 1264 онд тэрээр Аригбөхийн болон Ахмед Фанакатын амийг хөнөөсөн хэргүүд дээр ажилласан. Сүүлчийн хэргийн хуурамч зүйлүүдийг Болод олж тогтоосон бөгөөд түүнийг нь их хаанд сонордуулсан байна.
Хубилай хааны улсын төрийн гол албадын судсыг барьж, дотоодын гол асуудлыг Монголын талаасаа хариуцуулахаас гадна 1285 онд Аргуныг хан эзний ширээнд заларсны дараахан Болодыг Персийн Ил хант улс руу Хубилай их хаан томилон явуулсан. Тэрээр хааны тамга, зарлиг, шинэ ил ханы титмийг хүргэж очсон. Харамсалтай нь Болод тэр үеэс эх нутагтаа буцаж ирж чадаагүй. Үүнд Их Юань улс, Хайдугийн удирдсан Цагаадайн хант улсын хоорондын зөрчил нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Цагаадай хааны байгуулсан эзэнт улсын нутгаар Толуй хааны удмынхан болон Их Юань улсын ноёд, сайд нарыг явуулахгүй байх хүртлээ тэд хоорондоо зөрчилтэй болсон байжээ.
Нөгөөтэйгүүр Болод Перст үлдвэл тэдгээр асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй байсан байж болох. Сүүлдээ Хубилай хааны Зүүн Азийн бодлого Болодоор дамжин хэрэгждэг болсныг Өрнөдийн эрдэмтэд судлан гаргаж байна. Тэр нь түүнийг Ил хант улсын нутагт удаан барих нэгэн шалтгаан байсан байж болох талтай. Хубилай хаан түүнийг Ил хант улсын нутагт явуулаад эгүүлэн татаагүй, тэдний хооронд зөрчил бий болсон зэрэг яриа байдаг нь түүний талаар хийсэн миний энэхүү судалгааны явцад батлагдсангүй.
Болодыг ил хан Аргун руу явуулсан тухай Иса (IsaAihsieh)-гийн хятад хэлээр бичсэн тэмдэглэл байдаг бөгөөд түүнийг Өрнөдөд орчуулан тавьсан байна. Болодыг дагалдуулан туршлагатай (өмнө явж байсан) Исаг түүний туслагч (Хятад хэлээр Chiai гэж тэмдэглэжээ), орчуулагчаар хамт явуулжээ. Тэр хүн перс гаралтай, хятад хэлтэй байсан бололтой. Энэ талаар Хубилай хааны хэлсэн үгийг хойно эш татав.
1286 онд Болод, Иса нар Ил хант улсаас буцах замдаа хамт гарсан. Чен Чу-Фу гэдэг эрдэмтэн Исагийн тэмдэглэлийг судлан, тэдний хувь заяаны тухай дэлгэрэнгүй бичжээ. Уг тэмдэглэлд бичсэнээр бол тэднийг Төв Азийн нутгаар дамжин нутаг буцах замд Хайдугийнхан барихаар отож байсан байна. Түүнийг мэдэнгүүт тэр хоёр хамт явж байснаа өөрчилж, хуваагдан салсан гэнэ. Иса нум сум, дүүгүүр, чавхаар өөрийгөө зэвсэглээд бүтэн хоёр жил нуугдан явсаны эцэст Та-ту (Бээжин) хотод буцаж иржээ. Тэрээр Аргун ханаас Хубилай хаанд үнэтэй торгон хувцас (дээл), бүсний хамт явуулсныг гардуулсан.
Тэгээд хэрхэн буцаж ирсэн замынхаа тэмдэглэлийг бичих үүрэг түүнд их хаанаас өгсөн байна. Эзэн хаан Хубилай “Болод бол манай (Монгол) эх нутагт төрсөн, ёс заншлыг мэддэг бидний бүтээгдэхүүн, тэр нутагт үлдсэн нь зүйтэй байна. Иса бол тэр нутагт төрсөн, тэнд өөрийн гэр оронтой боловч над хэчнээн үнэнч байгаа нь харагдаж байна. Тэд хоорондоо ямар их ялгаатайг харж байна уу” гэж өөрийн түшмэд нартаа айлдаж байжээ
Их Юань улсын Төрийн албаны гол багана болсон Болодыг нутаг буцах боломжгүйг мэдсэн Аргун хан торгон цэргийн (Хэшиг) захирагчаараа томилж, Курсанд ажиллах хэд хэдэн үүрэг өгчээ. Хэдийгээр Болод нутагтаа хоёр хүү, эхнэртэй байсан боловч аргагүйн эрхэнд түүнд талийгаач Абага ханы албан бус эхнэр (concubine) Ширинийг (egechi) авч өгчээ. Ширин гэдэг нэрийн ар талд эгч гэсэн монгол үг бичжээ. Тэгэхээр Ширинийг эгч гэж хүндэтгэн дууддаг байсан уу, эсвэл Абага ханы эгч байсан уу гэдгийг лавшруулан судлах шаардлагатай. Ийнхүү Болодыг Ил хант улсын нутагт бүх насаар нь суурьших үндсийг тавьжээ. Харин түүний хоёр хүүг Их Юань улсын төрд зүтгүүлж онцгой анхаарсан байдаг.
Хубилай хааны эзэнт улсад олж авсан Болодын туршлага, арга барил Ил хант улсад чухал байсан. Түүнийг ил хаад нэгэн адил мэдэрсэн байв. Ингээд Ил хант улсын сан хөмрөгийг өсгөн бэхжүүлэхэд бэрхшээл гарч, улмаар уг асуудлаар Гайхату хан Болодтой санал солилцож, Их Юань улсад ашиглагдаж буй шиг цаасан мөнгө Ил хант улсад үйлдвэрлэх талаар зөвлөгөө авч байсан. Ийнхүү 1294 онд анхны цаасан мөнгө-Чаог Ил хант улсад (Иранд) анх удаа гүйлгээнд гаргаж туршсан боловч орон нутгийн хүмүүс түүнийг төдийлөн хүлээн авч дэмжээгүй.
Өлзийт ханы үед (1304-1316) Болодын нэр хүнд өсөж ерөнхий зөвлөх, Болод ах гэдэг хүндэтгэлийг Монгол, Персийн олон түмнээс хүртэж, Ил хант улсын төрд Эмир Чобан, Хонхотны Котлог Шах нарын хамт Болод гол зөвлөхөөр ажилласан. Энэ нь 1304 оны Өлзийт ханы зарлигт тэд гурав дараалан гарын үсэг зурсан байдгаар батлагдана. Болод Чинсан бол Хятадын соёлыг Ил хант улсад нэвтрүүлэгч байсан гэж Христофер Атвууд бичжээ. Тэрээр мөн монгол соёл, зан заншил, түүхийг Персийн оронд нэвтрүүлж, монгол хаадын түүх, үйл ажиллагаа, амьдралыг хаадыг амьд ахуйд нь бичиж, улмаар энэхүү соёл, заншлыг Перст бий болгосныг нэмж тэмдэглэхийг хүснэм.
Судрын чуулганы Монголын түүхийн хэсгийг Рашид ад Динд хэлж бичүүлсэн хүн бол Болод. Түүнийг хэлж бичүүлэхдээ “Алтан дэвтэр” гэдэг хаадын нууц түүх бүхий гар бичмэлийг ашигласан гэдэг таамаглал байдаг бөгөөд тэр нь Ираны Шахын ордны номын санд байсан талаар зарим эрдэмтэн тэмдэглэсэн байдаг. Түүнийг олж тогтоох ажил ирээдүйд хийгдэнэ гэдэгт найднам. Судрын чуулганыг бичихэд Монголоос 20 орчим түүхч нэлээд тэмээ ачаа бүхий түүхийн холбогдолтой зүйлийг Иранд аваачсан талаар монгол эрдэмтэд бичсэн байдаг. Монголын түүхийн нэгэн чухал хэсэг нь суурин соёлтой Персийн оронд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь монголчууд бидний нэгэн хувь заяа болов уу.
Монголын эрдэмтдээс Болодын талаар бичсэн зүйлээс цухас дурдъя. Рашид ад Диний туслах Шаме ад-Динээс “Болод чинсан, Рашид ад Дин хоёр системтэйгээр өдөр бүр яг багш, шавь хоёр шиг хамтдаа ажиллаж байсан бөгөөд эмир Болод түүх хүүрнэж, харин эрдэмтэн сайд түүнийг нь бичиж байсан” гэснийг доктор, профессор Ш.Бира өөрийн бүтээлдээ дурджээ.
Доктор, профессор Ш.Чоймаа “Шастирын чуулган” номын шинэ орчуулгад өргөх үгэндээ “Хасан хаан бээр олон хэлний мэргэд, орчуулагчдыг хураан чуулгаж, бас 1286 онд Монголын Их Юань улсаас Болод чинсан хэмээх бичгийн монгол хүнийг түүх шастирын хамт авчирсан нь баримттай бөгөөд “Алтан дэвтэр” хэмээх Чингис хаантны өвөг дээдэстэй нь багтаасан түүхэн сурвалжийг ашигласан нь үнэн магад юм” гэжээ. 10-12 өрх айлыг Монголоос нүүлгэж Табризад суурьшуулж уг түүхийг бичихэд оролцуулсан талаар түүхч Б.Балжинням, доктор Д.Баяр нараас тус тусын бүтээлд тэмдэглэн үлдээжээ.
Болодод өгсөн Ил ханы өөр нэгэн даалгавар бол 1307 онд Гиланыг эзлэх үед түүгээр арын албыг хашуулсан байв.
1313 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ил хант улсын албанд 28 жил зүтгэсний дараа Арраны үзэсгэлэнт тал нутагт байдаг өөрийн өвлийн байрандаа Болод насан өөд болжээ. Талийгаач болсноос нэлээд хойно Их Юань улсын Засгийн газраас хүндэт цолыг нөхөн олгосныг Өрнөдийн эрдэмтэд тэмдэглэжээ. Түүний амьсгаа хураасныг Их Юань улс, Ил хант улсад зэрэг гашуудан тэмдэглэж, улмаар өнөөгийн Иран улсад нутаглуулсан байна.
Болод нь хятад, перс, жүүд (еврей) хүмүүстэй хамтран ажиллаж, монгол төрийн бодлогыг Бээжин, Табриз хотод зохиолцож, монгол үндэсний эрх ашиг, соёл, зан заншлыг эзэн хааныхаа санал бодлын хамт тусгаж чаддаг байсан дэлхийн хэмжээний сэхээтэн байжээ.
Амьсгаа хураахаасаа 28 жилийн өмнө, Болод нь Хубилай эзэн хааны Цэргийн явдлын хүрээлэнд “Эрхэн сайд” (Гүн) цолтой ажиллаж байсан, харин уг байгууллага түүнийг амьсгаа хураатал нь өөрийн данснаас хасаагүй байсныг Өрнөдийн эрдэмтэд онцолсон байдаг. Болод нь амьсгаа хураатлаа монгол зан заншил, соёл, удам угсаагаа хадгалахын зэрэгцээ Хятад соёл, зан заншлыг гарамгай сайн мэддэг байсан бөгөөд улмаар энэ хоёр ард түмний соёл, эрдэм ухаан, төрийн туршлагыг Ил хант улсад өөрийн биеэр авчиран үлгэрлэсэн эрдэмтэн болно.
Хожим нь перс соёл заншлыг гарамгай эзэмшиж, улмаар гурван үндэстний соёл, зан заншлыг өөртөө шингээсэн дэлхийн хэмжээний том эрдэмтэн, улстөрч, зөвлөгч, Хубилай хааны гадаад бодлогыг хэрэгжүүлэгч дипломатч, соён гэгээрүүлэгч болж өсчээ. Энэ хүн бидний нэгэн бахархал болж, монгол хүний оюун ухааны царын илэрхийлэл болж дэлхийн түүхэнд үлджээ.