- Ерөнхийлөгч хүсэлтийг нь хүлээн авна –
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 11-нээр огноолон албан тушаалаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гаргалаа. Тэрбээр гараараа бичиж, гарын үсгээ зурсан өргөдөлдөө “Миний бие 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны 52 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилогдсон бөгөөд одоо өөрийн хүсэлтээр Авлигын эсрэг хуулийн 22.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Иймд энэхүү хүсэлтийг маань хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Дээрх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан байгаа. Харин тус газрын даргын бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байхаар тусгасан. Тэгэхээр уг нь Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа ирэх оны арваннэгдүгээр сард дуусах учиртай. Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байхад гэнэт яагаад ийм өргөдөл гаргах болов гэдгийг учир мэдэх нэлээд олон хүнээс лавлахад “өөрийн хүсэлтээр гэж байгаа боловч эрх баригчдын шахалтаар ийм алхам хийлээ” гэсэн хариу өгсөн юм.
Түүнийг ажлаа өгөхийг хэд хоногийн өмнөөс шахсан тухай мэдээлэл байна. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. УИХ-ын даргын зүгээс ийм шахалт үзүүлсэн гэх яриа хууль сахиулах, прокурор, шүүх байгууллагынхны дунд яригдаж байна. Н.Ганболдын хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авах, эсэх нь тодорхойгүй байгаа ч түүний оронд хэн томилогдох вэ гэсэн “бор шувуу” Төрийн ордон, хуулийн байгууллагуудаар нисэж явна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч хүсэлтийг нь хүлээн авах бололтой.
Уг нь Авлигын эсрэг хуулийн 21.2.1-д “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” хүнийг томилохоор заасан. 2014 онд орсон дээрх заалтаас өмнө насны хязгаар нь 55 байхаар тусгасан байсан юм. Өдгөө мөрдөж буй дээрх хуулийн заалтад нэр нь яригдаж буй Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц шаардлага хангаж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн нэр бас дуулдаж буй ч тэрбээр шаардлага хангахгүй. Насны хувьд тэрбээр энэ жил 45-тай хэмээн тэнцэх ч, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй гэх шалгуурт тохирохгүй. Х.Тэмүүжин өөрөө ч “Хэн нэг ашиг сонирхол бүхий хүнээс худал цуурхал тарааж байна” хэмээсэн.
ШШГЕГ-ын даргаар ажиллаж буй, бригадын генерал Б.Билэгтийн нэр ч бас дуулдаж буй. Түүнийг АТГ-ын албан тушаалд очих, эсвэл Б.Хурц тус газрын дарга болсон тохиолдолд ТЕГ-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай гэх хүн олон байна.
ЗЦГ-ын дарга, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Амгаланбаярын нэр бас яригдаж буй ч дэмжлэг авах нь юу л бол хэмээх хүмүүс байгаа юм. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдын хүн гэдэг учраас сөрөг хүчнийхээ хэн нэгэнд АН-ынхан найр тавихгүй л болов уу.
ЕТГ-т ойр эх сурвалж АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авахаар болж байгаа. Харин оронд нь дээрх хүмүүсийн алийг нь ч бус, хууль сахиулах, аюулгүй байдлын чиглэлийн шал өөр хүн томилохоор судалж байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгөв.
Г.РАВЖАА