Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн их чих зөөлөн байсан гэнэ. Харин одоо УИХ хуулиа нэгэнт баталчихсан. СЕХ сонгуулийн бэлтгэлийг хангах үүргээ гүйцэтгэж буй. Энэ хүрээнд УИХ сонгуулийн тов тогтоож, зардлыг баталсан. Сонгууль зохион байгуулах нийт зардлын хэмжээ 16.4 тэрбум төгрөг байх аж.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүн Су.Батболд СЕХ-ны даргаас “16.4 тэрбум төгрөгийн хэдийг нь хар машинд зориулах юм бэ” хэмээн асуув. Нөгөөх нь нэлээд ууртайгаар “Хуульд хар машин гэдэг үг хэллэг байхгүй. Та нар ингэж хэлэхээ боль” гэлээ. Су.Батболд “Та чинь Сонгуулийн хууль батлах үед гишүүн ээ, гишүүн ээ гээд л гүйгээд байсан. Одоо бүр дуу нь ч чангарчихсан, бараг л чи гэх нь холгүй болчихжээ” гэв.
С.Баярцогт гишүүн түүнийг хажуугаас нь хөгжөөхөд “Баярцогт оо, чи битгий ярианы эрч сулруулаад бай л даа” гэв. Тоглоом шоглоом хийж байгаа нь тэр. Харин Ч.Содномцэрэн дарга үүнд их нухацтай хандаж, “Та буруу сонссон байна. Би таныг чи гэж хэлээгүй. Протоколд тэмдэглүүлье” гэж байлаа.
С.УУЛ