Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байв. Өдрийн хоолны цаг болоогүй байсан ч эрхэм түшээд, ялангуяа Байнгын хорооны дарга Д.Ганбат их өлссөн бололтой. Магадгүй хаврын чуулганы эхний хуралдаан болохоор яарч, “догдлоод” өглөөний цайгаа уулгүй гарсан байх.
Гишүүд ажил ярьж байх зуурт микрофон эзэмших бүрэн эрхээ ашиглаад үймүүлэв. “Бүгдээрээ бууз идэх үү” хэмээн түүнийг асууж, хоолны захиалга авахад зарим нь үгүй гэж буй бололтой. “Аан, Баянсэлэнгэ гишүүн бууз идэхгүй юм уу” гэснээ цааш ямар хоол байгаа тухай лавлав.
Тэгснээ санаа тавиад буй гишүүн нь асуулт тавьж байх зуурт үгийг нь таслаад “Битүү шөл байна гэнэ. Та битүү шөл уух юм уу, Баянсэлэнгэ гишүүн ээ” гэж асууснаа “За захиалчихлаа шүү” гэв. Уг нь Монгол Улсын Төрийн ордон юм сан. Гэвч гишүүд зүгээр л гудамжинд хууч хөөрч суугаа аятай хандсан нь энэ.