Манай улс Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай буюу олны дунд нэрлэж буйгаар Давхар татварын гэрээ гээчийг 35 улстай байгуулжээ. Үүнээс эдүгээ 26 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Давхар татварын 26 гэрээг 1991-1998 онд, наймыг нь 1999-2009 онд соёрхон баталсан байдаг юм билээ.
Тэгэхээр энэхүү гэрээний 74 хувийг 1999 оноос өмнө буюу 18-25 жилийн урьд байгуулжээ. Энэ үед манай улс нь зах зээлийн эдийн засагт шилжсэн тухайн нийгэм эдийн засгийн харилцаанд мэдлэг, туршлагагүйгээр хандаж, гадаад улсуудаас санал тавих бүрт нь тодорхой ойлголт, нарийн судалгаа, тооцоогүйгээр ийм гэрээ хийж байв.
ФИЛИППИН, ГАНА УЛСЫНХААС ДОР ГЭРЭЭ
БАЙГУУЛСАН НЬ ХАРАМСАЛТАЙ
Аливаа компани, бизнесийн байгууллагуудын үндсэн зорилго нь их ашиг олж, бага татвар төлөх байдаг. Дэлхийн улс орнуудын жишгээс харахад хөгжиж буй болон хөгжилтэй улсын хооронд байгуулсан давхар татварын гэрээнээс хөгжилтэй улс нь илүү ашиг хүртэж, шударга бус байдал бий болгож байна. Үндэстэн дамнасан корпорацууд тухайн улсад үйл ажиллагаа явуулахаасаа урьтан тэр орны улс төр, нийгэм эдийн засаг, нэгдэн орсон гэрээ, эрх зүйн орчинд нь гадаадын болон дотоодын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдад өндөр цалин өгч, нарийн судалгаа хийлгэдэг гэнэ.
Улмаар хамгийн бага татвар төлөх бүхий л гарц, хувилбар боловсруулж, түүнийгээ ашиглах, үндэстэн дамнасан, эсвэл хөрөнгө оруулахаар сонирхож буй бусад байгууллагад худалддаг аж. Үндэстэн дамнасан корпорацууд хөрөнгө оруулалт хийж буй улсынхаа татварын тогтолцоо, олон улсын гэрээ хэлцэл, давхар татварын гэрээний сул талыг ашиглан, офшор бүсүүдэд компаниа бүртгүүлж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл байдгийг судлаач Ц.Наранхүү “Давхар татварын хяналт шалгалтыг үр дүнтэй болгох нь” судалгааны бүтээлдээ онцолжээ.
Тийм гэрээний улмаас баялгийн эзэн, үйлдвэрлэлийн гол нөөцийг бүрдүүлэгч улс нь маш их хэмжээний татварын орлогоо гадаадын улсуудад алдаж байна. Хэдийгээр манай улс дотоодын хууль тогтоомж болон давхар татварын гэрээгээ судлан, үнэхээр ашиггүй байгааг нь өөрчилдөг ч харийн компаниуд өөр арга саам олчихдог гэнэ. Үндэстэн дамнасан корпорацуудын олонх нь охин компани байгуулах сонирхолтой бөгөөд xөрөнгөө тусгаарлах, татвараас зайлсxийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс оpнуудын xууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилготой байдаг аж.
Манай улс сүүлийн гурван жилийн байдлаар Кувейт, Люксембург, АНЭУ, Нидерландын вант улстай байгуулсан давхар татварын гэрээгээ цуцалсан хэдий ч толгой компаниа бусад улсад шилжүүлэх замаар манай улсад татвар төлөхөөс зайлсхийх явдал бий.
Уг нь манай улс өөрт ашиггүй байгаа давхар татварын гэрээгээ хүчингүй болгон, цаад улстайгаа хамтран шалгалт хийж, татвар үнэхээр төлж буй эсэхийг нь шалгадаг баймаар. Харамсалтай нь, байгуулсан гэрээндээ хянаж шалгах талаар нэг ч үг, өгүүлбэр оруулаагүй учраас гадаадын хөрөнгө оруулагч нэртэй компаниуд татвараас зайлсхийгээд байх магадлал өндөртэй.
Тухайлбал, манай Үндсэн хуулийн 10.2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 1988 онд нэгдэн орсон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 26 дугаар зүйлд “Аливаа хүчин төгөлдөр гэрээг оролцогчид заавал биелүүлэх үүрэг хүлээхийн зэрэгцээ түүнийг үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд манай улс дотоодын хууль тогтоомж, үндэсний эрх ашгаас илүүтэйгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал мэт.
Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад улстай байгуулсан давхар татварын гэрээ, хэлцлүүдэд харилцан мэдээлэл солилцоно гэсэн болохоос ямар мэдээллийг хэдий хугацаанд хэрхэн солилцох, татварын хяналт шалгалтыг улс хооронд яаж хэрэгжүүлэх талаар огт тусгаагүй орхигдуулсан байдгийг татварын байгууллагад насаараа ажилласан хэд хэдэн хүн хэлж буй юм.
Монгол Улсаас бусад оронтой байгуулсан давхар татварын гэрээг НҮБ болон олон улсын байгууллагын гаргасан давхар татварын гэрээний загваруудтай харьцуулахад үр ашиг муутай болох нь тогтоогдсон. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн түвшин ойролцоо гэж үзсэн Филиппин, Гана улсын бусад оронтой байгуулсан ийм төрлийн гэрээг өөрийнхтэйгөө харьцуулахад Монголд ямар ч ашиггүй, давуу тал муутай нь батлагджээ.
Тиймээс давхар татварын гэрээ хэлцлийг засаж залруулах, сайжруулах үүднээс Сангийн яамныхан давхар татварын гэрээнд харьцуулсан судалгаа хийсний эцэст Кувейт, Люксембург, Нидерландын вант улс болон АНЭУ-тай байгуулсан гэрээ хамгийн муу, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, татварын орлогод ноцтой хохирол учруулах олон заалт бүхий гэрээ болохыг тогтоосон аж. Жишээлбэл, манай Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын тухай хуулийн дагуу оршин суугч бус татвар төлөгчийн ногдол ашгийн орлогоос 20 хувийн татвар суутган авах заалттай. Гэтэл дээрх улстай байгуулсан давхар татварын гэрээгээр ногдол ашгийн орлогоос татвар огт авахгүй байхаар зохицуулсан байв.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оршин суугч бус татвар төлөгчийн хүүгийн орлогоос 20 хувийн татвар суутган авах заалттай. Гэтэл Люксембург болон Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээгээр банк буюу санхүүгийн байгууллагад төлсөн хүүгийн орлогод, Кувейт болон АНЭУ-тай байгуулсан гэрээгээр бүх төрлийн хүүгийн орлогод Монгол Улсад татвар ногдуулахгүй гэсэн заалттай байж. Үүний улмаас мөн Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдаж буй нь тогтоогджээ.
ГАДААДЫН БҮҮ ХЭЛ ДОТООДЫН КОМПАНИУД ДАВХАР ТАТВАРЫН
ГЭРЭЭГ ДАЛИМДУУЛЖ БАЙНА УУ
Манай улс бусад оронтой байгуулсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны ашгаас Монгол Улс татвар авах зохицуулалт тусгаагүй аж. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар овжин ашиглаж, Монгол Улсын өмчийг өөрийн юм шиг бие биедээ наймаалж байгаа юм. Манай эдийн засгийг нэг хэсэг өөд нь татаж байсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нартай байгуулсан давхар татварын гэрээ үүний тод жишээ гэдгийг татварын албаныхан ч, судлаачид ч бичиж тэмдэглэсэн нь бий.
Тухайлбал, “Айвенхоy майнз” компани “Сауcгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко”-д борлуулсны ашгаас Монгол Улс үмхийн төдий ч ашиг хүртээгүй нь давхар татварын муу гэрээтэй холбоотой гэнэ.
Уг нь гэрээг байгуулагч талууд татварын хяналт шалгалтаа харилцан мэдээлэл солилцож, хоёр улсад зэрэг явуулах нөхцөл, боломж бүрдүүлсэн байдаг аж. Улмаар нэг цаг хугацаанд тодорхой нэг ажил үйлчилгээ, зарлагыг хоёр талаас нь зэрэг шалган, үр дүн тооцдог гэнэ. Олон улсад хэрэгжсэн нэгэн жишээ дурдахад Чилийн татварын алба Канадын Татварын албатай хамтран уул уурхайн томоохон группийн тодорхой нэг үйлчилгээг нэг цаг хугацаанд шалган, харилцан мэдээлэл солилцжээ.
Гэтэл тус групп нь нэг үйлчилгээг толгой болон охин компанийн зардалд давхардуулан тайлагнасан байж. Өөр нэг жишээ гэвэл Японд бүртгэлтэй компани Хонконг дахь компанийн төлөөний үйл ажиллагааг нууцаар эрхэлж байсныг Японы татварын албаныхан илрүүлэн, татвар ногдуулсан байна.
Түүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2015 оны эхний хагас жилийн байдлаар бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай 9524 компани байгаагийн 86.5 хувь нь давхар татварын гэрээтэй оронд, 1213 хуулийн этгээд офшор бүсэд толгой компани нь бүртгэлтэй байсан аж. Тэгэхээр яалт ч үгүй давхар татварын гэрээгээр далимдуулан, Монгол Улсын баялгийг ашиглачихаад манай улсыг хохироогоод байна гээд хэлчихэд нэг их буруутахгүй л болов уу.
Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компани гэлтгүй манай улсын үндэсний гэх аж ахуйн нэгжүүд ч хуулийн цоорхой ашиглаж байна. Монгол Улсын татварын орлогын тавиас дээш хувийг бүрдүүлэгч, том татвар төлөгч гэх 392 аж ахуйн нэгжийн толгой компанийн дийлэнх хувь нь офшор бүсэд бүртгэлтэйгээс ийм хардлага төрж байгаа юм.
Панам улсын хуулийн фирмийн өндөр нууцлал бүхий баримт бичгийг өнгөрсөн ням гаригт олон улсын мэдээллийн агентлагууд олон нийтэд дэлгэсэн билээ. Тэдний задруулсан мэдээллээр бол дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс офшор бүсээр дамжуулан хөрөнгөө нууж, татвараас бултдаг аж. Уг жагсаалтыг харахад улстөрчид, бизнесийнхэн, олны танил хүмүүсийн нэрс тодорхой болсон. Үүнээс болж Исландын Ерөнхий сайд суудлаасаа буув.
Дэлхийн хэвлэлийн мэдээлсэн уг жагсаалт маш их мэдээллийн зах зух нь гэсэн. Түүний үргэлжлэлд манай улстөрчид, бизнес эрхлэгчдийн нэрс ч тодрох магадлалтай. Офшорт бүртгэлтэй манай компаниуд эртхэн нэрээ цэвэрлэж, улсдаа шударгаар татвараа төлж байгаа гэдгээ харуулахын тулд нэгийг бодно байгаа.
Монгол Улс давхар татварын гэрээний улмаас алийн болгон хохирох вэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед давхар татварын гэрээгээ эргэн харж, улс орны эрх ашигт хохиролтой гэрээнүүдийг цуцалбал яасан юм бэ. Орлого хаанаас олно, тухайн орлогын эх үүсвэр болсон оронд нь татвараа төлөх зарчим үйлчилбэл бид эдийн засгийн хүнд байдлаас аажмаар гарах боломжтой бус уу.
Г.ЦОЛМОН