“Эрдэнэс Монгол” болон охин компаниудынх нь үйл ажиллагааг сайжруулан, алдагдлыг багасган ашигтай ажиллуулах, санхүү, менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг “Эрдэнэс Монгол”, Азийн хөгжлийн банк өнгөрсөн баасан гаригт байгууллаа.
Уг төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол”, бас охин компаниудынх нь удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн систем шинээр нэвтрүүлэн, толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохдоо эхний гурван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж. Мөн техникийн туслалцааны төслийг Азийн хөгжлийн банкны Худалдан авах журмын дагуу хэрэгжүүлэх гэнэ. Тус төслийг хэрэгжүүлснээр компаниудын үйл ажиллагааны ашиг өсөж, 2016-2024 онд хоёр их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 825 тэрбум төгрөгийг бусад татвар, 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг гээд нийт 3.3 их наядыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож буй аж.
Ц.БОЛОРМАА