Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт хашааны газар байрлалаасаа шалтгаалаад, дээд тал нь таван сая төгрөгөөр зарагддаг байв. Харин одоо хотоос хамгийн алслагдсан, хотгор гүдгэртэй, байрлал муутай газраа ч таван сая төгрөгөөр өгөх хүн ховор болсон. Учир нь гэр хорооллынхон хашааны газар бол үнэ цэнэтэй баялаг юм байна гэдгийг ойлгодог болсных. Дэлхийн бусад оронд иргэний газрыг орон сууцтай адилхан талбайн хэмжээгээр нь тооцож, үнэлдэг жишиг рүү нийслэлчүүд явж буй нь энэ. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн нэгдүгээр шат буюу хашааны газрыг үнэ цэнэтэй болгох зорилго ямартай ч биеллээ олсон гэсэн үг.
Э.Бат-Үүл тэргүүтэй шинэчлэлийн баг 2012 оны сонгуулиар “Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна” гэсэн итгэлийн бамбар асааж, олон хүний анхаарал татаж чадсан. Гэхдээ гэр хороололд жилд хэдэн мянгаар нь орон сууц ашиглалтад оруулна гэсэн тэдний амлалт болоод зорилт ачир дээрээ тийм ч амаргүй байсан нь өнгөрсөн хугацаанд 2244 айл байртай болсноос харагдана.
Гэвч чамлахаар чанга атга гэдэг дээ. Бат-Үүлдээ ч гол нь бус, хэн нэгэн ярвигтай, яршигтай ч гэж хэлж болох энэ ажлыг зоригтойгоор эхлүүлэх шаардлага үнэндээ байсан билээ. Одоо аль намын хэнбугай нийслэлийг удирдаж, засгийн эрх барихаас үл хамааран энэ ажил урагшлах учиртай юм.
Гэтэл сүүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг “бүтэхгүй”, “болохгүй” хэмээн өөнтөглөх хандлага илт анзаарагдаж эхлэв. Юунаас болж, хэн, хаанаас ийм “чулуу” нүүлгээд буйг ойлгоход ядах юмгүй. Харин сонгуулийн халуунд солиорсон улстөрчдийн увайгүй, амин хувиа хичээсэн ахархан бодлыг мэдэж байгаа хэрнээ тэднийг даган хуйларч буй иргэд л хөөрхийлөлтэй байна.
Урдаа барих ганц үл хөдлөх хөрөнгө буюу хашааны газраа орон сууцаар солих гэрээ байгуулчихаад, хэзээ ашиглалтад орохыг нь хүлээн, түрээсийн байранд толгой хоргодож буй тэдний эрх ашгийг өөрсдөөс нь өөр хэн ч бодохгүй. Улс төрийн шоучдыг дагаж намиран, анх хэлэлцэж тохирсноосоо хэд дахин буцаж байгаад хямралын шуурганд арайхийн тэсэж буй барилгын компаниудынхаа итгэлийг алдаж, эцэст нь юу ч үгүй хоцрох вий дээ.
Учиргүй эвийлж, энхрийлээд байсан улстөрчид чинь тэр үед таныг цусаар уйлсан ч өрөвдөхгүй. Яагаад гэвэл тэд ямар ч хохирол амсахгүй. Таны тархийг хэрхэн угааснаа ч хэдийнэ мартчихсан, дараагийн сонгуулийн тактикаа боловсруулаад явж байх вий.
ИЛЖИГ ЖОРООЛОХ БОЛОМЖ БҮҮ ӨГ
Нийслэлийн гэр хорооллыг 24 байршилд дахин төлөвлөж, барилгажуулах ажил эхэлж, төсөл хэрэгжүүлэгч 38 компани 7000 гаруй иргэнтэй хоёр болон гурван талт гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, галт тэрэг байрнаасаа нэгэнт хөдөлчихсөн. Одоо ухрах зам үгүй. Гэрээ ёсоор 546.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 32.700 ам метр орон сууц буюу эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн тухай энд яригдаж байна. Өчнөөн айл өрх орох оронтой байх уу, үгүй юү гэдэг асуудлаас дээгүүр тавигдах тийм их үнэ цэнэтэй улс төрийн эрх ашиг байж таарахгүй.
Эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд цаг үед 80 орчим мянган айлын орон сууц барихаар зориг шулуудан энэ төсөлд орсон 38 аж ахуйн нэгжийн цаана ч олон хүний амь, амьдрал бийг мартаж болохгүй. Тийм учраас л барилгын компаниуд, иргэдтэй тохиролцож, газрыг нь орон сууцаар солих наймаа зах зээлийн зарчмаараа явах ёстой. Хэн ч дундуур нь жороолох эрхгүй билээ.
Жишээ нь, би нэг машин худалдаж авах гэлээ гэж бодъё. Мэдээж би байж болох хамгийн доод үнээр машин авахыг хүснэ. Харин ченж бөөн ажил явдал болж байж гадаадаас оруулж ирсэн машинаа боломжийн үнэ хүргээд зарчихыг хичээнэ. Биднийг үнээ тохиролцох гэж ядаж байхад дундуур хаа хамаагүй нөхөр гэнэт орж ирснээ намайг “Чи наад машинаа авах хэрэггүй. Тийм ч үнэтэй байна, ийм ч юм нь ингэсэн байна” гээд эхэлбэл утгагүй биз дээ.
Өөрөө тухайн машиныг жолоодохгүй байж бусдын хэрэгт хошуу дүрсэн тэр нөхөртэй адилхан үйлдлийг манай улстөрчид хийгээд байна. Зам зуурын хүмүүс тэр наймааг үймүүлснээрээ нэг ч төгрөгийн хохирол амсахгүйгээ сайн мэдэж байгаа учраас өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар эргүүлэхээ л бодно. Түүний тулд усан дээр гал түлж, үхрийн эвэр дээр цас тогтооход ч бэлэн дээрээ “тавьчихсан” яваа цаадуулынхаа овоо хараанд өөрсдийнхөө аминд тулсан ийм чухал асуудлаараа ядаж өртөхгүй байх учиртайгаа иргэн та л ухамсарлах ёстой.
Танай газрыг чөлөөлүүлж, орон сууц барина гэж тохиролцсон тухайн компанийн ажил урагшлахгүй, гацаад байгаа бол асуудлыг заавал улстөрчдийн оролцоогүйгээр шийдэх гарц байж л таарна. Хөрөнгө санхүүгээс эхлээд олон шалтгаанаар тэртээ тэргүй удаашралтай байгаа дахин төлөвлөлтийн төслийн ажилд нэрмээс болж, хөндлөнгөөс самрах гэсэн “илжигнүүд” л бүү жороолог.
ГАЗАР ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХАД ГОЛ ТОГЛОГЧ НЬ
МӨН Л ИРГЭД
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр дахь үе шат буюу газар шинэчлэн зохион байгуулах ажил мөн л иргэдийн хүсэл тэмүүлэл, үүсгэл санаачилгаар эхэлсэн. “Хашааны газраа хоёр өрөө байраар өгч болдог юм байна” гэдгийг нүдээрээ харсан иргэд өдгөө газраа хувь нийлүүлэн хөрөнгө босгож, өөрсдөө байшингаа “барьж” ашгаа хувааж хүртэхээр нэгдэцгээчихэж. Эвлэж нийлэхдээ тун маруухан монголчуудыг гудамж, хамар хашаагаараа нэгдээд ийм хурдан зохион байгуулалтад орж, есөн байршил дээр Иргэдийн түр зөвлөл байгуулна чинээ хэн санах билээ.
Амьдарч байгаа орчин нөхцөлөө сайжруулъя гэсэн 40 гаруй мянган иргэний хүсэлт нийслэлд ирж, хувьцаат компани, бүлэг, нөхөрлөл байгуулцгааснаас хамгийн амжилттай яваа нь Хан-Уул дүүргийн IX хорооны “Нарлаг Буянт-Ухаа” түр зөвлөл юм. 271 хашааны айл нэгдэн, үүнийг байгуулсан бөгөөд өөрсдийн эзэмшил газартаа 1711 айлын орон сууц барихаар төлөвлөөд, ажил нь ч нэлээд хурдтай явж буй гэсэн.
Нийтийн орон сууц, апартмент, эсвэл таун хаусын алинд нь амьдрахаа өөрсдөө сонгож ороод, үлдсэн 1440-ыг нь зарж, зээлээ төлөн, ашгаа хуваахын тулд 271 айл тохиролцож чаджээ. Түүгээр ч зогсохгүй ажлын зураг гаргахад шаардлагатай 70 гаруй сая төгрөгөө дундаасаа босгосон байгаа юм. Тэгээд бүх ажил дууссаны дараа хамгийн сүүлд цэвэр ашгаа яаж хуваахаа хүртэл тохирчихож. Хаалттай хувьцаат компани байгуулсан тэд нэг ам метр газрыг нэг хувьцаа гэж тооцоод, түүндээ ногдох ашиг хүртэх юм билээ. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг энэ буюу.
Гэтэл газар шинэчлэн зохион байгуулах ажил анх эхлэх үеэс анхаарлын төвд байсан Гандангийн иргэд дотроо дөрвөн фракц болж хуваагдчихаад, тохиролцож өгөхгүй өдий хүрчээ. Улаанбаатар хотын төв хэсэгт угаадас, ялгадастайгаа амьдарсаар, чичлүүлсээр байхыг уг нь тэд хүсээгүй байлтай. Гагцхүү наймаа учраас үнэ ханшин дээрээ тохиролцож чадаагүй юм биз. Хотын өнгө үзэмжийг гутаалаа гээд тэдний газрыг хүчээр авч, орон сууц барих бас аргагүй. Үүнийг мэдэх тул хажуугаар нь цөөнгүй “хар муур” гүйснийг ч дахин төлөвлөлтийнхөн хэлсэн.
Чингэлтэйд гэхэд л есөн айл нийлээд, газраа шинэчлэн зохион байгуулж, орон сууцтай болох гэсэн боловч мөн л тохирч чадалгүй бутарсан гэнэ. Энэ мэт жишээ цөөнгүй. Гэхдээ нүүрсний утаа униар, жорлонгийн үнэр танараасаа салмаар байгаа бол, эсгий хотоо өөрчилье гэвэл итгэлцэл хамгийн чухал гэдгийг сануулъя. Хотоо, амьдарч буй орчноо өнгө үзэмжтэй, тохи тухтай байлгахад иргэн танаас их зүйл шалтгаална. Харин иргэдийн сэтгэхүй, хандлагад өөрчлөлт гарах гэж ядаж байгаа ийм эгзэгтэй үед зарим нэг нь “буруу номоор” тархийг нь угаахгүй байвал сайн байна. Угаалгаж гэмээнэ хохирогч нь та өөрөө гэдгээ мартуузай.