С.ОЮУН (УИХ-ын гишүүн):
“Өнөөдөр” сонины үнэнч уншигчдын нэг нь би. 1998 оны сүүлчээр Монголдоо ирж, УИХ-ын гишүүн болсноос хойш тогтмол уншиж ирсэн сонинуудын маань нэг юм. Тэр үед “Өнөөдөр” мэндлээд удаагүй байсан ч Монголын хамгийн нэр хүндтэй сэтгүүлч эрхэлдэг сонин байлаа. Сонины нийтлэлийн бодлого нь ч, зарчим нь ч өдий хүртэл хадгалагдсаар ирсэн гэж би боддог. Хүнээр яривал “нуруутай” бодлого, зарчим гэж хэлмээр.
“Өнөөдөр” бол эхнээсээ л дэлхий нийтэд тогтсон практик, шалгарсан жишгээр гаргах гэж хичээсэн сонин юм. Тэдний хичээл зүтгэл нь үр дүнд хүрч, байр сууриа хэдийнэ эзэлж, тогтож хэвшсэн хэвлэлүүдийн нэг болжээ. Уншигч миний хувьд бол зан ааш нь танигдсан, олон жил хамтарч ажилласан найдвартай түнш юм. “Өнөөдөр” сониныг цаашид олон жил уншина гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалжуудын нэг юм. Зөвхөн үйл явдлын мэдээлэл төдийгүй дүн шинжилгээтэй, олон байр суурь, хандлага, үзэл бодол тусгасан нийтлэлүүдийг нь би эрхэмлэдэг.