Чихэрт дуртай хүүгээ ээж нь хашраахаар шүдний эмнэлэгт дагуулж очив. Тэгээд хүүдээ ухааруулах санаатай “Эмч ээ, чихэр идэх шүдэнд муу тийм ээ” гэж асуув. Гэтэл эмч “Долоо хоногийн дараа ирээрэй” гээд явуулж.
Долоо хоногийн дараа эмч тэдэнд чихрийн сөрөг нөлөөний талаар тайлбарлахад хүү “Дахиж чихэр идэхгүй” хэмээн амлажээ. Гайхсан ээж чухам юуны учир долоо хоногийн дараа ир гэснийг эмчээс асуухад “Би долоо хоногийн өмнө өөрөө чихэр иддэг байсан юм. Харин одоо идэхээ больсон. Тийм болохоор хүүд тань “Битгий” гэж хэлж чадлаа” гэжээ.
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд “Ухаалаг утас хүүхдийн сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна” гээд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг нь хориглох болсон. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг бас хоригложээ. Хэрэв гар утас хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол ухаалаг бус товчлууртайг нь ашиглахыг зөвшөөрөх гэнэ.
Тэгсэн хэрнээ эцэг эх, багш нар өөрсдөө ухаалаг утас хэрэглэж байхад хүүхдүүд энгийн утас барих нь юу л бол. Уг нь хүүхдээ гар утаснаас холдуулъя гэвэл тэд дээрх эмчтэй адил өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Ялангуяа залуу эцэг эхчүүд. Гэр, гадаа хаа сайгүй утасгүй интернэттэй болсон өнөө үед ухаалаг утас хүмүүжил, сурлагад нь муугаар нөлөөлж буйг хүүхдэдээ ойлгуулахын тулд томчууд өөрсдөө татгалзвал илүү үр дүнд хүрмээр санагдана.
Түүнээс биш, ажлаа тарж очоод өөрөө гар утаснаасаа “зүүгдчихээд”, хүүхдэдээ өгөхгүй байх нь эрхийг нь хязгаарлаж буй явдал болоод л өнгөрнө шүү дээ. “Та өөрөө фэйсбүүкт ордог шүү дээ. Би яагаад болохгүй гэж” хэмээн барьцахад хүргэнэ. Учир нь тэд өөрсдийгөө томчуудаас ухаан муутай гэж хэзээ ч боддоггүй.