Намайг дөрөв таван настай байхад манайх Богд уулын Бага тэнгэрийн амны зусланд гардаг байж. Тэр нь ээжийн ажилладаг байсан Багшийн дээд сургуулийн зуслан. Надад тэр үеэс санах юм даанч бага. Хэдэн жилийн өмнө давчуухан тэр аманд очоод багадаа тоглож байсан зуслангийнхаа буурь баримжааг олох гээд бараагүй. Чухам хаана, ямар байшинд гарч, хэдүүлээ, яаж зусдаг байсныг санах юм одоо бараг алга.
Хэдхэн л бүдэг бадаг зураг алс тэртээ харагдаад алга болох шиг болдог. Нэг том саглагар модны дор урсах хүйтэн горхи, тэр горхины хажууд ногоон ширгэн дээр надад тараг халбагадан өгч суугаа Туяа эгч маань санаанд буудаг. Туяа эгч бол намайг төрсөн хэдэн дүү нараасаа ч илүү халамжилж хөлд, хэлд оруулж өгсөн хүн. Хожим, насанд хүрэхийн алдад, буруу замаар будаа тээж уруудахын даваан дээр намайг татаж босгож чадсан нэг том цамхагт кран. Дараа нь том охиныг маань өлгийдөн авч, хүн болгосон ачтан. Бага нас, Бага тэнгэрийн зуслан гэхээр л Туяа эгч санаанд юун түрүүн ороод ирдэг нь амьдралд минь хожим тохиолдсон тэдгээр хэрэг явдалтай ч холбоотой биз. Хүний төлөө гэсээр яваад дэндүү залуугаараа хорвоог орхисон доо, хайрт эгч минь...
Нартай халуун өдөр ойр орчмын олон хүүхэд тэр горхины дэргэд л тоглож, зуны урт өдрийг бардаг байсан биз. Сүүлд дуулахнаа алдарт Далхжав багшийн хэдэн банди авга ах нартай маань гэмгүй сайхан үерхэж, нэг нэгнийхээрээ байнга орж гараастай байсан гэдэг. Түүнээс хорин жилийн дараа тэдний бага хүү, надтай чацуу Ганцогт нь “Сансар”-ын үйлчилгээний төвийн хавьд бидний хэсэг нөхөдтэй хальт таараад, сүрхий дотно мэндэлж марсайнгаа, бугуйн “Сэйко” цагийг минь сэм мултлаад авчихаж билээ. Нэг хартал цаг алга. Мэдрэмж, мэдээлэл гойд сайтай Долгион найзын ачаар хулгай дорхноо илрэв. Харин цагаа эргүүлж авах гэж бөөн нүдээн болсон юмдаг. Гэхдээ энэ бол бүр хожмын явдал. Бага тэнгэрийн зусланд хамт тоглож байсан хүүхдүүд гэхээр л энэ явдал санаанд ороод ирлээ.
Зусланд байх тэр үед аав надад ачааны тоглоомон машин авч өгчээ. Цайвар ногоон өнгөтэй төмөр машины тэвшин дээр нь би хөлөө нугалаад суухад багтдаг байсныг бодоход нэлээд том эд байж. Бүхээгнийх нь хоёр хаалга онгойж, түгжигддэг, бүхээг дотроо жолоо, суудал гээд бүх юм бүрэн, хамар дээрээ “ЗИС” гэж товойлгосон жижигхэн бичээстэй, түүний дор байх маневийл шиг юмыг эргүүлэхээр тэвш нь өргөгдөж ачсан элс, шороогоо хойш асгадаг, дөрвөн дугуй нь хар хаймран эмжээртэй гээд...үнэхээр сайхан эд байв. Айлын ганц хүү надад өөр олон тоглоом байсан биз ээ. Гэхдээ тэр олон тоглоомноос санаанд үлдсэн нь энэхүү ногоон “ЗИС” машин. Олон олон юм мартагдсан ч машиныхаа тэвшин дээр суучихаад Туяа эгчээрээ чирүүлж явсан минь огт мартагдаагүй нь сонин.
Хот, Бага тэнгэрийн зуслангийн хооронд урт хамартай, дээгүүрээ шар, доогуураа цэнхэр өнгөтэй, алаг автобус явдаг байв. Тэр автобусны хаалгыг жолооч суудал дээрээсээ гялгар төмөр хөшүүргээр нээж, хаана. Жолооч ах хаалгаа хаах, нээх бүрдээ тэр хавьд бөөгнөрөх хүмүүс рүү “өө-аалга-аалга-лагалд” (одоо бодвол “Хөөе, хаалганаас холд” гэсэн үг бололтой) гэж хашгирна. Тэр хашгираан нь сүүлд миний зүүдэнд аймшгийн нэгэн сэдэв болон үе үе орж, гардаг байсан тул тэр “өө-аалга-аалга-лагалд” нь одоо хэр чихэнд хоногшоостой.
Зуслангийн унаа Багшийн дээдийн баруун талын цэцэрлэг хавиас хөдөлнө. Тэр нь саяхан нураасан Лениний хөшөө хавьд байсан шиг баримжаалагддаг. Мэдээж, Багшийн дээдийн баруун тал, Лениний хөшөө гэх мэт нэр ус, барилга баримжааг би хожим хойно л мэдэж авсан. Зуслангийн унаанд аль нэгний өвөр дээр тухлан нойрмоглож явсан тэр цагт юугаа л мэдэж, баримжаалж байв гэж.
Харин автобусны буудал дээр зардаг байсан хуушуурны үнэрийг бол би маш сайн мэддэг байв. Авч өгөх болов уу гэж горьдоод нэмэргүй. Ах, эгч нарын хэн нэг нь надад тэр хуушуурнаас амсуулж байгаад эмээд загнуулжээ. “Хүүхдэд шар халдаачихна” гээд надад өгүүлэхгүй тас хорьдог атлаа ах, эгч нарыг болохоор яагаад ч юм хорьдоггүй байв. Тэд хуушуур авчихаад надаас нуугдаж мод, бутны ард орж идээд байгаа нь мэдрэгддэг байв. Автобусанд намайг тэврээд ороход тэдний гар, нүүр, хувцас хунараас хуушуурын сайхан үнэр ханхийж байгаа хойно мэдэлгүй ч яахав. Тэр гоё үнэрийг мэдэрч, “Ганц сайхан хуушуур идэхсэн” гэж байнга мөрөөддөг байснаа сайн санаж байна.
Хориотой жимс амттай гэдэг. Зөвхөн жимс гэлтгүй, хориотой бүхэн л амттай. Миний хувьд хуушуурын хорио эмээг бурхан болтол хүчин төгөлдөр байсан даа. Эмээг нутаглуулсан тэр жилийн хавар байрныхаа хүүхдүүдтэй 20-р дэлгүүрийн үүдэнд дөчин литрийн сав дүүрэн хуушуур зарж яваа авгайтай таарч, хамаг мөнгөө шавхан нийлүүлж байгаад тос нь гоожсон баахан хуушуур авч, пологдтолоо идэн дуусгаж билээ. “Хорио одоо хүчингүй болоо биз дээ” гэж бодсоноос ч тэр үү, энэ бодлоосоо ичиж бяцхан гэмшсэнээс ч болсон уу, овоолоостой тэр хуушуур тийм ч амттай байгаагүй.
Хожим МОНЦАМЭ-д ажиллаж байхад өдрийн цайгаар голдуу хуушуур авдаг, түүнийгээ шалавхан залгичихаад л гүйдэг байж. Тэнд ажилласан долоон жилд хуушуур идэх нормоо гүйцээсэн байх. Одоо би хуушууранд дургүй.