Аав, ээж хоёр сургууль номоо хөөн хойш, урагшаа яваад гэртээ тогтоно гэж бараг үгүй. Тиймээс би эмээтэйгээ л үлдэнэ. Намайг “эмээгийн эрх хүү” гэдэг байлаа. Хүү ч юу байхав. Ач нь л даа, уг нь. Эмээ маань олон ач, зээтэй байв. Гэхдээ тэр олон дотроос намайг л илт онцлоод байдаг, үүнийг нь бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг байж. Хүлээн зөвшөөрөхгүй гээд ч яах билээ. Өнөр өтгөн манай том бүлийн цөм нь учраас эмээгийн үг, үйлдлийг сөрөх хүн байхгүй. Эмээгийнхээ нөмөр нөөлөг дор би гэж амьтан хар нялхаасаа л эрх танхил, биеэ тоосон пээдгэр нөхөр болж торнисон юм.
Эмээ гэж... Эмээ маань энэ хорвоогийн хамгийн дотно хүн минь байлаа. Нэр нь Маньдарь. Дондогийн Маньдарь. Оросын Цагаан хааны үед Эрхүүгийн гимназ төгссөн хүн гэдэг бол гучаад оны Монголд эрдэмтэн профессор л гэсэн үг. Нөхрөө дагаж өвөг дээдсийнхээ гал голомт их Монгол Улсаа бараадсан мянга мянган буриадын нэгэн. ХХ зууны эхээр Монгол нутагт гарсан эрх чөлөөний хувьсгал эх орныхоо хилийн цаана үлдсэн монголчуудын сэтгэлийг соронздон дуудаж, их Чингис хааныхаа гал голомтыг хамтдаа бадраалцах хүсэл эрмэлзэл төрүүлсэн юм билээ.
Өвөөг маань Аюур гэдэг байж. Агрономич мэргэжилтэй. 1920-иод оны дундуур Оросоос нүүж ирээд шууд л хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн болжээ. Тэр чиглэлээрээ ажилласаар Мал тариалангийн яаманд Газар тариалангийн хэлтсийн дарга байхад нь 1937 онд баривчлан хорьж, дараа нь Оросын Дотоод яаманд тушааснаар Сибирийн аль нэгэн хорих ангид нас эцэслэн, хэлмэгджээ.
Гурван хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн эмээ маань тэднийгээ өсгөх гэж зүдэрсэн гэдэг. Эсэргүүний ар гэр гээд ажилд авахгүй, авлаа ч цэвэрлэгч, үйлчлэгчээс дээш гаргахгүй. Сүүлдээ Өндөр хоршоонд худалдагч хийж байгаад олон ач, зээтэй болмогцоо тэднийгээ асрах үүргийг өөртөө оноосон хүн.
Эмээ гэрийн ажлаа завсарлаж, амсхийх зуураа байнга ном шагайна. Тэр нь голдуу орос уран зохиолын ном. Нэг зэрэг хоёр гурван ном эхлүүлчихээд, ээлжилж уншдаг зуршил нь сүүлд надад халдсан байдаг. Эмээ унаган орос хэлтэй, орос хэлээр унших дуртай ч, яагаад ч юм оросоор ярих дургүй байж. Оросуудыг голдуу л “мангад” гэх агаад үүнээсээ болж аавтай зөрчилдөнө. Гадаа гудамжинд хүмүүстэй элдэв этгээд дуудлагагүй цэвэр сайхан монгол хэлээр ярьчихдаг хэрнээ гэртээ бол засаршгүй буриад. Надтай бол тэр буриад аялгуугаараа л ярина. Яагаад? гэхээр “Том болоо гээ, ойлгонш” гэж ам таглана.
Эмээ бид хоёр хоёулхнаа манай гурван өрөө том байранд бие биеэ бараадан нэг өрөөнд нь байрлана. Сургуульд орсон хойно эмээгийнхээ өвөрт унтдаг маань илэрч, ангийнхан дотроо шившиг болж байлаа.
Нэг шөнө гэнэт сэртэл эмээ алга. Хэд хэд дуудаад ирэхгүй болохоор нь хошуугаа унжуулчихаад хайгаад очтол гал тогооны өрөөнд гартаа ном барьчихсан, уйлчихсан сууж байх юм.
-Яав аа, эмээ. Бие чинь зүгээр үү?
-Өө, хүбүүмни. Биеэмни зүгээр гэж толгойг минь илснээ,
-Амьдрал гээшэмнай сонин гээш... Буруу зубыень хэнэ мэдые гээд барьсан номоо харууллаа.
-Ямар ном юм бэ? Би үзье гэтэл
-Өө энэ шинь томо хүний ном гээ гээд нүүрийг нь нуумар аядаж байна.
Би тэр номыг ногоон хавтсаар нь аав Москвагаас түрүүн ирэхдээ авчирсан баглаа номын нэг байна гэдгийг танив. Зохиогч нь Ги Де Мопассан хэмээн гурав тасардаг, сонин нэртэй хүн юм гэж харж байснаа ч санав.
Аав Москвагаас, ээж Эрхүүгээс хайрцаг хайрцгаар ном зөөнө. Бас Улсын их дэлгүүрийн зүүн талын номын сангаар дамжуулан сонгодог зохиолчдын олон боть захиж авна. Тэр үеийн сэхээтний дунд дэлгэрсэн моод. Аав, ээж хоёрын мэргэжлийн дагуу түүхийн, биологийн ном манайд зөндөө. Гэхдээ уран зохиолын ном түүнээс ч олон байдаг байж. Манай гэрээс эмээ л тэр бүх сонгодгуудыг уншиж барсан байх. “Залуу байхди уншаагүйбгээ одоо л уншажа, жаргажа байнам” гэдэгсэн.
Тэр шөнө эмээ номоо нуумар аядаагүй бол би тэгсгээд л мартах байсан биз. Гэтэл “том хүний ном” энэ тэр гэж байгаад миний саваагүй занг хөдөлгөж орхив. Чухам энэ мөчөөс эхлэн “том хүний ном” гэж юу байдгийг мэдэх, шохоорхох, тийм номонд шунан дурлах хорхой минь гозгоножээ. Хүүхдийн үлгэр, зөгнөлт, адал явдалт зохиол гэх мэтийн гэнэн марзан юм хөөцөлдөхөө орхиж, ном сонгохдоо эмээгийнхээ хэрхэн нууцалсан байдлаар баримжаа авдаг болов. Номын тавиурын ар луу, аль болох цаана нуусан, хавтсыг нь цааш харуулсан тийм номуудыг сорчилж унших болов. Эмээгийн болгоомжгүйгээс болоод “том хүний” номонд би ийнхүү дурлаж, цаад учрыг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй, хөндлөн гулд машинддаг болов. Ийнхүү Стефан Цвейг, Ги Де Мопассан, Куприн, Лев болон Алексей Толстой, “Мянга нэгэн шөнийн үлгэр”, “Декамерон” мэтийн хүүхдэд хаалттай байх учиртай “ертөнц” рүү балчир тархи, сэтгэл хоёроо бэлчээж эхэлсэн юм даа.
Эмээ маань намайг арван нэгтэйд бурхан болсон гээд бодоход хайр сэтгэл, янаг амрагийн адал явдлаар дүүрэн номын ертөнц надад нээгдэх үед би найм, естэй л байж. Арай л эрт эвдэрч эхэлж дээ, одоо бодоход.