Монголд сэлбэг нь байдаггүй “Бенз” машинаараа эрхэм гишүүн гайхуулж жиргэснээс хойш “бенз” хэмээх хочтой болсон билээ. Тун ч адал явдалтай амьдарч, байнга л олны хараанд өртдөг тэрбээр энэ удаа авто замын осол гаргасан байна.
Хотын зам хальтиргаатай, ямар ч үнэтэй машин байсан ялгаагүй л түүгээр “тэших” учраас болгоомжтой явахгүй бол мөргөлдөх, шүргэлцэх энүүхэнд байгаа. Энэ зовлонг Л.Эрдэнэчимэг гишүүн ч тойрсонгүй.
Тэрбээр пүрэв гаригт ажилдаа явж байгаад урдах машинаа нэлээд хүчтэй мөргөчихсөн бололтой юм. Таны харж байгаа эл зураг цахим ертөнцөөр цацагдав. Улмаар жиргээчид “Эрхэм гишүүн та нэгэнт мөргөлдсөн машинаа одоо хаях байлгүй, надад өгчих” хэмээн булаацалдав.
“Чи Сонгинохайрхан дүүргийн сонгогч биш, би мөн” гэх мэтээр хөөрхөн мэтгэлцээн өрнөж, эрхэм гишүүнээ “явуулаад” авсан юм. Бас “Одоо аягүй бол мөргүүлсэн машины жолооч буруудна аа” гэлцэж байлаа.
Учир нь гишүүн үнэтэй машиных нь урд “гупрын” баруун тал яйран болсон зургаа оруулаад “Өнөө өглөөг ингэж л эхлүүллээ. Хальтиргаатай байхад урдуур дайрахгүй, дүрмээ барьж жолоо баривал хохиролгүй, осолгүй байна шүү дээ” хэмээн жиргэжээ.
Түүний тайлбараар бол дүрэм зөрчин, хажуунаас нь дайрсан жолоочийн буруу бололтой. Ер нь түүний олон нийтэд гайхуулаад байсан машинд цагаан хэл ам хүрсэн байх. Тэгэхээр гайхуулж, олон хүний нүдийг машиндаа “нааснаараа” гишүүн өөрөө буруутай.