Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч Д.Мөнхтуяа “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсэх маргааныг шийдвэрлэдэг тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал нь төрийн албан тушаалтан, эрх мэдэл бүхий этгээдүүд байдаг. Энэ утгаараа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёс суртахууны үүрэгтэй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломж илүүтэй учраас шүүхийн шийдвэрийн биелэлт өндөр хувьтай байх ёстой. Харамсалтай нь, манайд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хувь сүүлийн таван жилийн хугацаанд буурсан үзүүлэлттэй байна. Шүүх шийдвэр үйлдвэрлэх зорилготой газар биш.
Шийдвэр гаргаад орхих нь шүүхийн үндсэн чиг үүрэг, зорилгод нийцэхгүй. Шүүхийн шийдвэр биелэгдсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дуусаж, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрх бодитой сэргэсэн байж үр нөлөө гарах ёстой” хэмээсэн юм. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас хийсэн судалгаагаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл 2010-2017 онд харьцангуй сайн буюу дунджаар 62.6 хувийн үзүүлэлттэй байжээ. 2018-2023 онд биелэлтийн хувь хэмжээ 47.8 болж буурсан аж. Ийнхүү буурах болсон шалтгаан нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нарийвчилсан зохицуулалт байдаггүй, шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага дутмаг, захиргааны байгууллага, албан тушаалтантай харилцах нь шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардахад саадтай байдагтай холбоотой гэнэ.
Захиргааны хэргийн шүүхээс 2022-2024 онд улсын хэмжээнд 6354 шийдвэр гаргаснаас 341-тнь гүйцэтгэх хуудас бичсэн нь нийт шийдсэн хэргийн 7.4 хувь болж буй аж. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг шинэчлэн найруулах, төсөвт хөрөнгө тусгадаггүй, хойтон жилийн төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг хүлээдэг, албан тушаалтанд торгох болон сахилгын шийтгэл хүлээлгэж буй нь хэт хөнгөддөг гэдгийг онцолж байлаа. Энэ хэлэлцүүлэгт шүүгчдээс гадна ХЗДХЯ, УЕПГ, ШШГЕГ, ДХИС, Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, судлаачид оролцож, санал солилцсон юм.