Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийн II ээлжийн бүртгэлийг эхлүүлснээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэдийг үүнд хамруулах нь. Хөтөлбөрт оролцсон иргэд ур чадвар олгох сургалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд мэргэжлийн гэрчилгээ авах аж. Үүний дараа ажилд зуучлуулах боломжтой гэнэ. Хөтөлбөрт оролцогчдыг найман салбарын 20 мэргэжлээр ур чадвар олгох сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн чиглэлүүдээ гаргасан байна. Тухайлбал, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтнаар суралцаж болох нь. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчны ур чадвар эзэмших боломжтой. Үүнээс гадна цахилгаанчин, гагнуурчин, барилгын засал чимэглэлч, ойн арчилгаа, ашиглалтын ажилтан бэлтгэх аж. Мэдээллийн технологийн чиглэлээр өгөгдлийн сангийн ажилтан, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг 21 аймаг, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэж буй гэнэ.