Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Тав дахь удаагийн арга хэмжээг өнөө жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн 10 жилийн ойд зориулж, урьдынхаас өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог.
Чуулга уулзалтыг зорьж дэлхийн 30 орноос 200 гаруй хүн эх орондоо иржээ. Тэд хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал, монгол бахархал, эх хэл, түүх, өв соёлын боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Өдгөө манай улсын нийт хүн амын 7-8 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч буй гэнэ. Энэ нь дунджаар 3-4 аймгийн хүн амтай дүйцэхүйц тоо аж. Гадаад дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төр засагт хүргэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага жилээс жилд нэмэгдэж байгааг оролцогчид онцлов.
Амьдран буй улс орондоо монгол хэл, соёлын хөтөлбөр хэрэгжүүлж буй багш, мэргэжилтнүүд энэ удаагийн чуулга уулзалтад хамгийн идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид онцолсон. НҮБ-ын Хүүхдийн сан болон Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар), Боловсролын мэдээллийн технологийн хөгжлийн төвөөс хөгжүүлсэн “Мэдлэ” цахим сургуулийнхан “Монгол хэл, соёлын нэгдсэн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр танилцуулж, багш, мэргэжилтнүүдтэй санал солилцжээ.