ХҮН намаас сонгуулийн үер дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Т.Доржханд хэлэхдээ "Монгол Улсын Их Хурлын сонгууль өндөрлөлөө. ХҮН-ын зүгээс яг энэ сонгуульд зориулж дөрвөн жил бэлдэж ажилласан. Сонгуулийн үр дүнгээр тойргийн хэмжээнд 635 мянган сонгогч, жагсаалтаар 151 мянган сонгогч саналаа өгсөн байна. Үүнээс гадна гадаадад оршин суугаа монголчууд хамгийн их саналыг манай намд өгсөн байна. ХҮН-д саналаа өгсөн монголчууддаа талархал илэрхийлье.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол Монгол Улсад нэг намын систем тогтоно. Иймп фарламентад нийгмийн төлөөллүүдийг оруулж, улс төрийн хүчнүүдийг бий болгох нь Монголд ардчиллыг хамгаалах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж өмнөх парламентын үед бид хичээж, манлайлж, шахаж ажилласан. Үр дүнд нь өнөөдөр Монгол Улсын парламентад таван улс төрийн хүчин орж ирлээ. Цаашид олон болох хүлээлттэй байна.
Энэ удаагийн парламентад орж буй улс төрийн хүчнүүд бодлого, мэтгэлцээнээр иргэдийн төлөөлөл болж ажиллаасай гэж хүсэж байна.
Хоёрдугаарт, УИХ-д суудалтай байгаа МАН, АН, ХҮН нам л тойргоос гишүүдтэй болж чадлаа. ИЗНН, Үндэсний Эвсэлийн хувьд тойргоос биш жагсаалтаар УИХ-д дөрөв, дөрвөн суудалтай болж байна.
Тойргийн тогтолцоогоор мөнгөний сонгууль болдог, цаашаа сүлжээ үүсгэдэг, хатуу гишүүнчлэлийг бий болгодог нь ХХ зууны социалист загвар дээр тулгуурласан хэв маягийг үргэлжлүүлэх гээд байгаа юм. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж, пропорциональ элементийг илүү оруулан залуучууд, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг парламентад гаргах шаардлагатай байгааг бүгдээрээ харлаа.
УИХ-д суудал авч буй улс төрийн хүчнүүдэд Монгол Улс ялдаг тогтолцоо руу дахин том алхах цаг нь болсныг уриалж байна. Сонгуулиас зургаан сар болон нэг жилийн өмнө асуудлаа ярьж, ялсан нам нь өөрсдөдөө тохируулж дүрмээ тогтдог байдлыг өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дууссаны дараа ярьдаг байх нь зүйтэй.
Ямар ч байсан өмнөх парламентаас илүү үр дүн гарлаа. 80 хувийн суудалтай мөртлөө иргэдээс 40 хувийн санал авдаг нам, иргэдээс 30 хувийн дэмжлэг авчихаад парламентад 11-хэн суудалтай байсан сөрөг хүчин, ХҮН намын хувьд иргэдээс 20 хувийн дэмжлэг авчихаад ганц суудалтай байсан байдал засагдаж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 100 хувь пропорциональ элемент рүү орж байж төлөөллийн ардчилал, парламентыг бэхжүүлэх юм гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид бүлэг байгуулах ажил руугаа орно.
ХҮН намын нэг суудал найм боллоо. Энэ нь монголчуудын захиалга байсан. Найман суудлыг 80 суудалтай юм шигээр парламентад мэтгэлцээн өрнүүлж, сонирхолтой, эрүүл бодлогод бусад улс төрийн намуудыг манлайлж ажиллах болно” гэв.