Ардчилсан намын дотоод зодоон энэ удаагийн сонгуульд ялагдалд хүргэх вий. Энэ тохиолдолд тэд бурууг бусдаас биш өөрсдөөсөө л хайх хэрэгтэй. Сүүлийн таван жилийн турш “арслан”-тай тамгаа булаацалдаж байж, сая нэг “зохион байгуулалт”-д орсон мэт харагдах ч үнэндээ тийм биш. Дээрээ суудлаа олохыг нь доодчуул бүтэн найман жил үнэнчээр хүлээсэн. Итгэлийг нь алдсаар байхад итгэхийг л хүсэж, эмхэрч цэгцрэхийг нь хүлээж, бутраад дахин эргэн нэгдэхэд нь алга ташдаг, ийм олон нийтийн нам юм, АН өөрөө.
Гэтэл эдгээр өдрүүдэд АН-ыг хараад байхад “15 толгойтой атгаалжин хар мангас”-ны үлгэр санаанд бууна. Аюул ойртмогц толгойнууд нь тал тал тийшээ зүтгэж байгаад эцэстээ хаданд даруулж үхдэг шиг дотоодын олон фракцаасаа болж 2024 оны сонгуульд ялагдах вий гэсэн айдас намын жирийн гишүүдэд нь бий. Үүнийг нь батлах мэт сүүлийн хэдэн өдөр АН-ын Засгийн газар нэртэй хоёр ч хувилбар цахим орчинд тархсан. Эхнийхэд нь Лу.Гантөмөр Ерөнхий сайдтай, Ц.Элбэгдоржийн хүмүүс болох Б.Хурц, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Ц.Уянга нарын нийгмийн хамгийн “үл бүтэх” нөхдүүдээр хүрээлүүлсэн мэргэжлийн бус гэмээр Засгийн газар, нөгөөх нь Х.Баттулга Ерөнхий сайдтай түүний фракцаар тойруулсан танхим. Эх сурвалжийн мэдээллээр Лу.Гантөмөр дараагийн Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болж, Төрийн хамгаалалт хүртэл гарсан гэх. Гэвч Ардчилсан нам доторх фракцууд түүнийг бие дааж шийдэмгий ажиллах бололцоо олгохгүй нь. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар ямар байсан тийм л болно. Яамдаа фракцуудад хувааж аваад тал тал тийш нь төсвөө булаалдаж, эцэст нь Засгийн газар солигдсон үйл явдал давтагдана. Тэр үүнийг сөрж чадахгүй.
Гэтэл саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж clubhouse-т ам нь халахдаа “АН ялвал би Ерөнхий сайд болно” гэх утга бүхий зүйл хэлсэн. Ийм байхад нам дотроо бужигналгүй л яах вээ. “Шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг. Арга үгүй биз. Ялагдал найман жил үргэлжлэхдээ хүний нөөцийн хувьд ихэд доройтсон. Гишүүдийн дийлэнх нь үзэл бодолдоо үнэнч гэхээсээ илүү мөнгөтэй “ван”-гуудын нөөлөгт орсон. Тэр “ван”-гуудын аль нь ч намдаа илүүрхэж чадахгүй явсаар дундын “вариент” болох Лу.Гантөмөрийг сонгосон. Эндээс харахад Лу.Гантөмөр намын дарга гэхээсээ илүүтэйгээр зохицуулагч нь болж хувирсан. Ингээд тэд Монгол орны 21 аймаг, 9 дүүрэг, сум, хороодод үүрийн нэгжтэй, Монголын хоёр дахь том системийн нам гэдэг шинж чанараа гээжээ. Уг нь Монгол ардчиллын бүхий л хэлбэрийг тайван замаар олж авсан. Ямар нэгэн хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэж, хүний амь насыг эрсдэлд оруулсан тохиолдол гараагүй. Энэ бол үнэ цэнэтэй туршлага. Бас алдаатай, дутуу ажилласан зүйлс ч бий. Үүний нэг нь хууль дээдлэх ёс. Жинхэнэ утгаар нь ардчилал тогтоож чадаагүй. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг тогтоож чадаагүй. Ингэснээр шүүх нь улс төрийн нөлөөнд автаж, авлигад өртсөн гэхэд хилсдэхгүй. Энэ бол АН-ын хамгийн том алдаа. Тэд өнөөдөр үүн дээр л адлуулж байна. Иймээс АН хэрвээ сонгуульд ялбал нэг талд нь Х.Баттулга, нөгөө талаас Ц.Элбэгдоржийн хүмүүс огтлолцож, хоёр янзын эрх ашигт боомилогдох нь тодорхой болсон юм. Тодорхой хэлбэл, Л.Гантөмөр Ерөнхий сайдаар сонгогдсон ч түүний ар дахь жинхэнэ эзэн нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын нэг нь болох магадлал өндөр. Ер нь тэгээд парламентын засаглалтай манайх шиг улсад Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд дахин улстөрд шургалахгүй байх боломжийг нь хуульчлаад өгчихөд гэмгүй. Эс бөгөөс Төрийн эрхэнд нэг удаа гарч байсан “шунаг” сэтгэлтнүүд дахин Монгол Улсыг удирдах гэсэн оролдлого тасрахгүй нь.