Ес дэх парламентын анхдугаар чуулган эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн парламент бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг байх учиртай. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь ард түмнээс эхтэй. Парламент бол ард түмний хураангуй юм. Төрийн түшээ гэсэн эрхэм албан тшаалыг хариуцлагатай авч явахыг хүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд цар тахал гарч, нөхцөл байдал амаргүй байсан ч хүнд үеийг даван туулж улсын эдийн засгийг 7.8 хувиар өсгөжээ. Шинэ парламент үүнийг улам баталгаажуулж, монгол хүн бүрийн аж амьдралд үр өгөөжөө өгөх чиглэлд анхаарч, эх орон байгалийн баялгаа бусдад алдаж болохгүй. Баялагтаа эзэн монголын төлөө төр засаг зүтгэх учиртай. Үр шимийг иргэн бүр тэгш хүртэх эхлэлийг Баялгийн сангийн тухай хуулиар тавьж, үр өгөөжийг үндэсний үйлдвэрлэлийг чиглүүлэх учиртай. Энэ бол үнэт өв, өвлүүлэн үлдээх бодит хөрөнгө оруулалт юм. Өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж, тусгаар тогтнолын агуу зуун байсан. Харин цаашид Ардчилал, их бүтээн байгуулалтын зуун байх учиртай. Байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордод анхаарч нефть, шатахуунаар хангах чиглэлд анхаарах. Бодит хэрэг болгох шаардлагатай. Бодит үр дүн шаардаж ажиллана гэдгээ ч сануулж байна. Нийгэмд шударга ёс тогтоож хүн бус хууль засагладаг төрийг бий болгохоор зорьж буй. Нийгэмд шударга ёс тогтоох чухал зүйл нь хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой. Халуун илтгэл, их хүлээлт дунд та бүхэн парламентын гишүүнээр сонгогдсон. Төр төмбөгөр, ёс ёсбогор гэдэг. Тангаргаа зөрчсөн хэн боловч чуулганы хүндэт танхимд суух учиргүй. Ард түмний сонголтыг хүндэтгэн, хэрэг зөрчлөөс ангид байж нэр төртэй байхыг сануулж байна. Та бүхэн ард түмний элчийн хувиар үндсэн хуульд захирагдан ажиллахаар тангараг өргөж байгаа билээ. Намчирхан талцахгүй байж, эвийг эрхэмлэн, эх орон ард түмний төлөө сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой” хэмээн ярилаа.