Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэв. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд” зэрэг долоон бүлэгтэйгээр найруулж буй аж. Ингэхдээ хүн төрөлхтний үүслийг хадны сүг зураг болон бусад дурсгалуудыг ашиглан энтертайнмент, мюзикл хэлбэрээр наадамчдад хүргэхээр бэлтгэж байгаагаа найруулагч Ц.Батнайрамдал онцоллоо. Баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулах гэнэ. Мөн Уран зургийн галерейтай хамтран сор бүтээлүүдийн дээжсээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Үүнд нь 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулан наадамчин олонд анх удаа толилуулах аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар нь 80 000, 100 000, 150 000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар болон автомашины зөвшөөрлийг enaadam.mn цахим хуудсаар ирэх сарын 1-нээс худалдаалах нь. Тасалбар дахь QR кодоор дамжуулан баяр наадмын хөтөлбөрийн мэдээллийг хүлээн авах боломжтой.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд автомашины зогсоол шинээр байгуулах, зам засах, талбай тохижуулах ажлыг хийж буй аж. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын баяр наадмын бэлтгэл ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд хуваарийн дагуу үргэлжилж байгааг зохион байгуулагчид хэллээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 250 зөвшөөрөл олгоно. Үүнээс 125 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, зөөврийн түргэн хоолны үйлчилгээ үзүүлэгч 28, хүнсний 17 худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөсөн” гэлээ. Хоолны үйлчилгээ эрхлэгчдийн зөвшөөрлийг эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгоно. Тэднийг цахилгаанаар хангаж, асар майхан олгох гэнэ. Харин хувиараа хоолны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл өгөхгүй юм байна. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчид хог хаягдлын төлбөрөө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тушаах ёстой гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл