Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Япон Улсын “BS-care” эх баригчдын нийгэмлэгийн эмч нар өнгөрсөн сарын 25-26-нд ажиллажээ. Тус нийгэмлэг нь төрсний дараах хөхний арчилгааны сургалтыг улсдаа 20 000 гаруй удаа зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэн туршлагатай аж. “Төрсний дараах хөхний арчилгаа- Хөхөөр хооллолт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад тус эмнэлгийн 25 эмч, эх баригч хамрагдсан байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдлийг 33, эх хөхний хавдраар өвдөх эрсдэлийг зургаан хувиар тус тус бууруулдаг аж. Мөн хөхний хавдраас шалтгаалсан нас баралтаас сэргийлнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргажээ. Сургалтын зорилго нь хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжих, эх өөрөө хөхөө арчлахад эмнэлгийн мэргэжилтэн зөвлөгөө өгөх арга барилд сургахад чиглэсэн аж.