"The Hu" хамтлаг бие даасан задгай талбайн анхны шоугаа эх орондоо долдугаар сарын 10-нд хийхээр болжээ. 2016 онд анх "The Hu" хамтлаг байгуулж, 2018 онд "Yu ve", "Chonon svld" зэрэг дуугаа цацаж байсан бол өдгөө тэд дэлхийд танигдсан. 2019 оны тавдугаар сард тус хамтлаг эх нутагтаа дэлхийн аялан тоглолтынхоо өмнө анхны тоглолтоо хийж байсан.
Мэдээж энэ удаагийн тоглолтын дэглэлт, хөтөлбөр Хүннү Рок гэсэн агуулгатай байна. Улмаар энэхүү сэдвийн дор тайз болон заслыг хийж байгаа аж. Үндэсний язгуур өв соёлыг харуулсан мөн "The Hu" хамтлагт зориулсан тайзыг бэлдэхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгдэв. Тоглолтын онцлог нь монголчуудтайгаа наадан цэнгэх зорилготой долдугаар сарын 10-нд хийж байгаа аж.
Монголд хоёр удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд хотод задгайн талбайн тоглолттой бол Архангайд байгалын сайханд Ara festival дээр мөн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр бэлдсэн байна.
Дэлхий даяар яаж явж тоглодог тэр бүх уур амьсгалыг Монголчууддаа мэдрүүлэхийг хүсэж байна гэв. Хүн болгонд энэ дуу хөгжим маань хүрээсэй гэж оюун ухаант амьтны эх өв хэмээх утгатай "The Hu" хэмээх нэрийг өгч байжээ. Тэд тоглолтод ирэх хүн бүрийг үндэсний хувцастайгаа ирээсэй хэмээн уриалсан юм.