“Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээний бүхээгүүд хотын гудамжинд энд тэндгүй харагдах болсон. Залуус ч олноор үйлчлүүлж буй. Гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанарыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан шалгажээ. Энэ талаар өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав.
2010 онд Стандарт, хэмжил зүйн газраас явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг, 2023 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталжээ. Үүнд үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс гудамжны хоолны үйлчилгээнд хяналт, шалгалт хийсэн бөгөөд хүнсний түүхий эд болон галын аюулгүй байдлыг зөрчсөн цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргийн 135 иргэн, 162 аж ахуйннэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгахад мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй байжээ. Мөн сүүдрэвчтэй худалдаа эрхэлж буй иргэд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэдэггүйг тогтоосон байна. Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, дагалдах шинжилгээ, баталгаажилтын баримт бичгийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил илрүүлжээ.