Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ удаагийн илтгэлд долоон бүлгийн хүрээнд 54 саналыг тусгасан байна. Тухайлбал, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн сэдвээр 23 дахь илтгэлийг боловсруулжээ. Илтгэлийг эхлээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, дараа нь УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илтгэлийг танилцуулахдаа “Хүрээлэн буй орчны 2022 оны индексээр Монгол Улс 180 орноос 155 дугаар байрт орсон. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд хүрлээ. Энэ нь аюулгүй орчны стандартыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна. Эл сэдвийн хүрээнд буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах 14 санал дэвшүүллээ. Манай улс боловсролын салбарынхаа бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийж буй. Гэсэн ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалан боловсролын үйлчилгээг бүгдэд эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна. Мөн хүүхдийн, тэр дундаа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах, хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгааг энэ удаагийн илтгэлд онцоллоо. Тиймээс хүүхдийн эрхийг хангах шийдвэр гаргуулахаар есөн санал дэвшүүлсэн” гэв.
Бэлтгэсэн: М.Оч