Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өчигдөр өгөв. Түүний мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Цасны зузаан долоон см байгаа нь зудын эрсдэлийг бууруулжээ. Харин шар усны үер нэмэгдэх төлөвтэйг анхааруулав. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд уржигдар шар усны үерийн 16 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, орон сууцын барилгын зоорийн давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг үерт автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангасан байна. Түүнчлэн үерт гэр, байшин ганц нэгээрээ биш, гудамжаараа усанд автаж, гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгийн бохир хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгожээ. Тиймээс шар усны үерт автсан айл өрх халдваргүйжүүлэлт, ариутгалыг сайн хийхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан юм. Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 айл байгаа ажээ.
Бэлтгэсэн Ч.Болор