“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг 1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийг 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотод төрсөн Ханс Кристиан Андерсены мэндэлсэн өдрөөр тэмдэглэдэг. Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Чүдэнз зардаг бяцхан охин”, “Цасан хатан” зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд уншдаг.
Олон улсын хүүхдийн номын баярыг тохиолдуулан Хүүхдийн төв номын сангаас ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 6б ангийн сурагчдыг номтой танилцах уншлагад урьсан байна. Хүүхдүүд Хүүхдийн төв номын сантай танилцаж, ном уншлагын үйл ажиллагаанд оролцож үлгэрийн далайгаар аялж, АХА тэмцээнд оролцон нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрөөжээ.
Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангаас эл номын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 301 дүгээр цэцэрлэгийн Б.Өлзийсайхан багштай "Шүүдэрхэн" бага бүлгийн 24 хүүхэд "Энэ юуны чимээ вэ?", "Дуу чимээний тухай миний анхны ном" гэсэн хоёр номоор чанга уншлага хийж, цэцэрлэгийн 56 ажилтанд зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэв.
Үүнээс гадна "Аз хур" номын дэлгүүрийнхэн "Дэлхийн хүүхдийн номын өдөр"-ийн өдөрлөгийг маш өргөн зохион байгууллаа. Болор судар хэвлэлийн газрынхан энэ өдөр бүх номоо 20 хувь, Андерсений үлгэрүүд номдоо 1+1 урамшуулал зарлажээ.