Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр “Үндэсний цөөнхийг нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэйгээр оролцуулах ЕАБХАБ-ын зөвлөмж”-ийг танилцуулах дугуй ширээний уулзалт зохион байгуулав.
ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба нь гишүүн орны дотоодод, эсхүл гишүүн орон хооронд Үндэсний цөөнхийн асуудлаар маргаан, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчилдөөнийг яриа хэлцээний замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй аж.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол-ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, хангахтай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ. ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр нэгдэн орсон.
Эх сурвалж: ГХЯ