- Манай үнэлгээ сүүлийн зургаан жил тасралтгүй буурлаа -
Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас “Ардчиллын тайлан-2024”-ийг өнгөрсөн баасан гарагт дэлхий дахинаа зарлав. Тус байгууллагын үнэлгээгээр зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын үндсэн зарчмуудыг гол зорилгоо болгон, түүндээ хүрч буй, эсэхийг хэмждэг. Тиймээс ч зургаан индексээр үнэлдэг тус тайланг ардчиллын олон талт байдлын үнэлгээ гэж үзэх нь бий. 179 орныг хамруулсан энэ удаагийн тайланд манай улс нэг индексийг эс тооцвол бүх үзүүлэлтээрээ өмнөх оноос 3-4 байраар урууджээ. Өнгөрсөн оны тайланд манайх бас бүгдэд нь 3-16 байраар ухарч, Зүүн Европ болон Төв Азийн бүсийн орнуудаас ардчиллын индекс нь мэдэгдэхүйц буурсан долоон улсын нэг хэмээн цоллуулсан билээ. Нөгөө талаас энэ оны нэгдүгээр сард зарласан авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн нэг жилд бид оноогоо ахиулж чадаагүй төдийгүй өмнөхөөсөө байр ухарсан. Үүнд нөлөөлсөн хоёр том үнэлгээний нэг нь энэ юм. Өөрөөр хэлбэл, ардчиллын олон талт байдлын үнэлгээний 2023 оны тайланд манайх оноо буурсан нь энэ оны авлигын төсөөллийн индекст тааруу дүн авахад нөлөөлсөн гэсэн үг.
Анхаарууштай нь, бүс нутгийнхаа хэмжээнд зөвхөн манай улс сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжсэнийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, бид ардчиллаас аажмаар алсарч, ардчилсан бус дэглэм рүү ч халтирч мэдэх, тодорхойгүй, дундын бүсэд орчихож. “Саарал бүс” хэмээх ангиллыг энэ удаагийн тайланд анх танилцуулж буй бөгөөд манайхаас гадна Замби, Мексик, Малайз, Кени, Индонез, Албани зэрэг 12 орныг багтаажээ.
Ямартай ч энэ удаагийн тайлангаас харахад сонгуулийн (electoral democracy index) болон либерал ардчиллын индексээр (liberal democracy index) тус бүр дөрвөн байраар доошилсон байна. Либерал ардчиллаараа 81 дүгээрт бичигдэн, Фижи улсын ард яваа манайх “сонгуулийн ардчилал”-аараа 85 дугаарт жагсаж, Бутаныг урдаа оруулжээ. Фижи улс эл үзүүлэлтээр авсан оноогоо тасралтгүй сайжруулж буй бөгөөд 2021 онд либерал ардчиллын индексээр 109 дүгээр байр эзэлсэн байх жишээтэй. “Ардчиллын тайлан-2023”-ыг сэргээн санавал манай улс бас л дээрх хоёр үзүүлэлтээр өмнөх оноос хамгийн олон буюу тус бүр 16 байраар ухарч байж. Мөн бид дөрвөн жилийн өмнө эл хоёр индексээрээ 57 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Чөлөөт, шударга сонгууль явуулж, иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийгхамгаалж буй, эсэхийг үнэлэхдээ 70 гаруй үзүүлэлтэд үндэслэн тооцдог юм байна. Ингэхдээ сонгуулийн ардчиллын болон либерал (Liberal сomponent index) индексийн зарим үзүүлэлтийг нэгтгэн, “либерал ардчилал”-ыг үнэлдэг аж. Тухайлбал, зөвхөн сонгогдсон албан тушаалтнуудтай холбоотой 16, хуулийн өмнө эрх тэгш байх болон хувь хүний эрх чөлөөнд хамаарах 20 үзүүлэлтийг либерал ардчиллын индексийг тооцоход ашигласнаа тайланд дурдсан байна. Тиймээс энэ нь агуулгын хувьд баялаг, голлох индекс байдаг гэсэн үг. Гэвч Монгол Улс үүгээр олон байр ухарсаар байгаа нь Монголын ардчилал, үнэт зүйлс алдагдаж буйн дохио гэлтэй.
Либерал индексийн хувьд энэ удаа байр хойшилсонгүй. Өмнөх онд 13 байраар ухарч, 74 дүгээрт жагссанаасаа хөдлөөгүй гэсэн үг. Үүгээр хуулийн өмнө эрх тэгш байх болон хувь хүний эрх чөлөөнөөс гадна засаглал, институц хоорондын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангаж байгаа, эсэхийг үнэлдэг аж. Тэр дундаа гүйцэтгэх засаглал, Засгийн газраас хараат бус байж чадах, бие даасан шүүх, хүчтэй парламент ажиллаж буй, эсэхэд анхаарал хандуулдаг юм байна. Хэдийгээр тус тайланд улс орон бүрийн авсан үнэлгээ, оноо нь өссөн, буурсан шалтгааныг тайлбарлаагүй ч бидний хувьд оноогоо нэмж, байр ахиулж чадаагүй нь юутай холбоотой вэ.
Сонгуулийн болон сонгуулийн бус үеийн гээд улс төрийн бүхий л үйл явц дахь иргэдийн идэвхийг онцолдог оролцооны индекс (par¬ticipatory component index)-ээр манай улс 127 дугаарт жагссан байна. 2022 онд үүгээр 121, өнгөрсөн онд 124 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан буюу жил тутам гурван байраар ухарсан гэсэн үг. Ер нь сүүлийн жилүүдэд манайх эл үзүүлэлтээр 120-иос хойш “зогсож” байна. 2018 оны тайланд оролцооны индексээр 74 дүгээрт бичигдсэн нь бидний хувьд хамгийн өндөр үнэлгээ юм. Өнгөрсөн оны тайлангаар бидний ард байсан Марокко улс өдгөө манай өмнө буюу 125 дугаарт гарч, Жибути улсын урд оров. Иргэний нийгмийн байгууллагууд, шууд ардчиллын механизм, орон нутгийн болон дээд шатны засаг захиргааны байгууллага дахь иргэдийн оролцоо, бас төлөөллийг харгалзан үнэлдэг эл индекс бидэнд нэлээд асуудал буйг хэлж байгаа хэрэг. Авлигын төсөөллийн индексийг танилцуулдаг “Трансперенси интер нэшнл” ч шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн хэд хэдэн тохиолдол манайд гарсныг зөвлөмждөө онцолсон билээ.
Харин байр ахиж, хамгийн дээгүүр буюу 61 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь зөвлөлдөх ардчиллын индекс (deliberative component index) юм. Өмнөх оныхоос 12 байр дээшилсэн байна. Гэхдээ 2020 оны тайланд дурдсанаар манай улс дээрх индексээр 30 дугаарт жагсаж байсан юм шүү. Мөн 2017 оны буюу анхны тайланд 36 дугаарт эрэмбэлэгдэж байсныг инфографикаас (А1 нүүрэнд) харж болно. Зөвлөлдөх ардчиллын сонгодог хэлбэр нь зөвлөлдөх санал асуулга юм. Жишээ нь, өдгөөгөөс жил гаруйн өмнө орон даяар явуулж, Цагаан сарын өмнөхөн дүнг нь гаргасан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг нэрлэж болно. Угсанал асуулгыг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь тэр. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд явуулсан түүхтэй. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж байлаа. Юутай ч анхдугаар санал асуулгын үр дүнд нь үндэслэн боловсруулсан төслийг УИХ хэлэлцэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Мөн “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын дүн нь өнөөгийн эрх баригчдын үргэлжлүүлэн хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь байв. Үндсэндээ тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болгоход тусалсан тулгуур нь зөвлөлдөх санал асуулга болсон юм. Мөн парламентын сонгуулийг 100 хувь мажоритар биш, хувь тэнцүүлсэн буюу пропорционал хувилбартай хослуулан, холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын дүгнэлтэд дурдсан байдаг. Ямартай ч эрх баригчдын “тогтолцооны өөрчлөлт” хэмээн тодорхойлсон эл үйл явцад ард түмэн, олон нийт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, нийтээрээ зөвлөлдөх боломжийг үүгээр бий болгосон. Магадгүй эл санал асуулга нь “Ардчиллын тайлан- 2024”-т манай улс эерэг үнэлгээ авахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз ээ.
Ардчиллын тайланг сүүлийн найман жилийн турш танилцуулж буй. Энэ хугацааг бүхэлд нь харвал Монгол Улсын үнэлгээ үндсэндээ 2018 оноос буюу сүүлийн зургаан жил тасралтгүй уруудсаар өнөөдөртэй золгож буйг тоон мэдээллүүд баталж байна. Ер нь дэлхий дахинаа, тэр дундаа Өмнөд болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудын ардчиллын дундаж үнэлгээ буурч, дарангуйлагч нарын эгнээ өргөжиж буйг сүүлийн тайлангууд онцоллоо. Гэхдээ бүгд тааруу дүн аваагүй, ардчиллын түвшингээ ахиулсан орон цөөнгүй бий. Бүхэлдээ ардчиллын бүрдэл хэсгүүд хэврэгшиж байгаагаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хамгийн их хумигдсаныг энэ удаагийн тайланд анхааруулсан юм. Ингэхдээ Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавих нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилогч хамгийн том хүчин зүйл болж байгааг дурджээ. “Трансперенси интернэшнл” ч Монгол Улсын эрх баригчид, төр, засаг нь ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах үүргээ хангалттай биелүүлэхгүй байгааг онцолж, тэр тусмаа шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчныг одоо болтол бүрдүүлээгүй, хуулийг нь батлаагүй талаар энэ оны тайландаа “Монголын топ эрсдэл” хэмээн тодотгосон юм.
“Ардчиллын тайлан-2024”-т мөн цэвэр, шударга сонгууль зохион байгуулж чадахгүй байгаа нь ардчиллын чанар, үнэлэмжид нөлөөлсөн хоёр дахь том хүчин зүйл болсныг тэмдэглэжээ. Энэ онд 60 орон үндэсний хэмжээний сонгуультай. Тэдний нэг нь манайх, УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт гуравхан сарын дараа болох гэж байна. Тайланд дурдсанаар эдгээрээс 31 улсад ардчиллын түвшин нь дордсон бөгөөд манай сонгуулийн ардчиллын индекс дөрвөн байраар ухарсныг эхэнд дурдсан шүү дээ. Анхаарууштай нь, бүс нутгийнхаа хэмжээнд зөвхөн манай улс сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжсэнийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, бид ардчиллаас аажмаар алсарч, ардчилсан бус дэглэм рүү ч халтирч мэдэх, тодорхойгүй, дундын бүсэд орчихож. “Саарал бүс” хэмээх ангиллыг энэ удаагийн тайланд анх танилцуулж буй бөгөөд манайхаас гадна Замби, Мексик, Малайз, Кени, Индонез, Албани зэрэг 12 орныг багтаажээ.
Гуравдугаарт, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлаж, иргэний нийгмийнхний орон зайг хумьсныг онцлохдоо дэлхийн 180 орчим орноос ердөө гурав нь иргэдийнхээ энэ эрхийг өргөжүүлж, хамгаалсан хэмээн дурдсан байна. Үнэндээ олон улсын судлаач, шинжээч, өөр бусад тайлан, үнэлгээнээс эс хамааран манай ардчиллын чанар, үнэлэмж буурч байгааг бид олон талаар мэдэрч буй шүү дээ. Бүс нутагтаа төдийгүй олон улсад “ардчиллын баянбүрд” хэмээн үнэлэгдэж байсан Монгол Улсын ардчилал сааралтан, бүдгэрч буй нь харамсалтай.