2023 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц-т хүрчээ. Нийт эрчим хүчний хэрэглээ 4.3 хувиар өссөн байна. Үүнээс цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэв. Өнгөрсөн жил 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авч, импортын хэрэглээ 13.2 хувиар нэмэгдсэн байна.
2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллалаа.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг шинэчилжээ. Төвийн бүсийн оргил ачааллыг бууруулахаар Эрчим хүчний сайдын тушаалаар “Хэрэгцээг удирдах” арга хэмжээний цогц төлөвлөгөөг батлуулж холбогдох ажлын хэсгүүдийг байгуулав. Мөн эрчим хүчний хэрэглэгчийн санал, гомдлын бүртгэл, хяналтын нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх ажлуудыг хийсэн.