Олон улсын цэнгэг усны загасчлалын спортын холбооныхон Монголын загасчлалын холбоотой хамтран мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг ирэх сарын 9-10-нд Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Засгийн газраас гаргасан, 2024 оны өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт мөсний загасчлалын ДАШТ-ийг албан ёсоор багтааж баталсан юм. Тус тэмцээнд өрсөлдөх олон улсын тамирчдын түрүүч нь иржээ. Тухайлбал, Өгийнуур сумын нутагт хөл тавихаар Украин улсын шигшээ багийнхан Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна. Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ДАШТ болох талбайд зөвхөн гадаадын болон Монголын шигшээ багийнхныг бэлтгэл хийхийг зөвшөөрчээ.