УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн зардал нь хандив болон өөрийн хөрөнгөөс бүрдэж буй. Гэхдээ өнгөрсөн сонгуулиудын тайлангаас харвал тэдний хөрөнгө босгох гол суваг нь хандив юм. Жишээ нь, 2020 оны ээлжит сонгуулиар нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоож байв. МАН тус сонгуульд 5.5 тэрбум төгрөг зарцуулж, дээд хэмжээнд тун дөхүүлснийг тайлангаас нь харж болно. Үүнээс таван тэрбум 467.6 саяыг нь хандиваар, тэр дундаа иргэдээс бүрдүүлсэн байдаг. Харин хуулийн этгээдээс 60.7 сая төгрөг хандивласан байгаа юм. Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 100.2 сая төгрөгийг сонгуулийн дансандаа төвлөрүүлснээс 80 сая нь иргэдийн хандив болохыг тайлагнажээ.
Тус намд хуулийн этгээдээс хандив өгөөгүй аж. Тэгвэл Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан 2016 оны ээлжит сонгуулиар нийт 79.9 сая төгрөгийн зардал тайлагнасан бөгөөд бүгдийг нь иргэдийн хандиваар босгосон хэмээн мэдүүлжээ. Тухайн сонгуулиар нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байсан бөгөөд МАН-ын дансанд иргэдийн хандиваар 3.2 тэрбум нь цугларсныг тэд тайландаа тусгажээ. Хуулийн этгээдээс 130 сая төгрөг л хандивласан байдаг.
Монголын улс төрд, тэр тусмаа сонгуулийн үеэр хяналтгүй, далд, эх үүсвэр нь тодорхойгүй асар их мөнгө эргэлддэг гэж ярьсаар олон жилийг үдлээ, бид. Энэ нь улс төрийн санхүүжилт, тэр дундаа хандив гэдэг нь халхавч төдий, хамгийн “но”-той мөнгийг эргэлдүүлдэг хэрэгсэл болчихсон гэсэн үг. Ингэхдээ сонгуулийн бүх зардлаа ард түмэн, гишүүд, дэмжигчид, журмын нөхдөөсөө бүрдүүлнэ гэж шоуддаг. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар МАН хуульд заасны дагуу хандив босгон, цугласан мөнгөөр нь кампанит ажил, сурталчилгаагаа өрнүүлэхээ удирдлага нь мэдэгдэж, АН шиг нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяар нь дэнчин нэхэхгүй гэдгээ дөвийлгөж байлаа. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа сонгуулийн хандив ил тод бус, тайлан нь нэр төдий зүйл байдгийг хүлээн зөвшөөрч, “Намууд авлигын сүлжээг хамгийн ихээр бий болгож байна. 50 сая төгрөгийн хандив өгч болно гэсэн хязгаар тогтоолоо ч 500 саяыг авсан, эсэхийг илрүүлэх систем алга. Үүнийг томоор харж, хяналт тавих зохицуулалтыг нь хуульчлахгүй бол сонгуулиар томоохон компаниуд, бизнес эрхлэгчдээс их хэмжээний хандив авах эрсдэл хэвээр байна” хэмээж байсан удаатай.
34.6.1. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
34.6.2. гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж;
34.6.3. төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
34.6.4. үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо;
34.6.5. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, тэдгээрийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга;
34.6.6. 18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
34.6.7. байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
34.6.8. тодорхой нэр, хаяггүй этгээд, эсхүл нэр нь тодорхойгүй гуравдагч этгээдийн хандивыг дамжуулж байгаа этгээд;
34.6.9. өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгч байгаа этгээд;
34.6.10. бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгч байгаа иргэн, хуулийн этгээд;
34.6.11. дампуурсан хуулийн этгээд;
34.6.12. хуулиар хориглосон бусад этгээд.
Тэгвэл энэ байдлыг өөрчилсөн үү, тэд. Ардын намынхан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хандивын хэмжээг нэмэгдүүлсэн. Тодруулбал, иргэний өгч болох хандивын хэмжээ таван сая төгрөг хүртэл байсныг 10, хуулийн этгээдийнх 20 сая байсныг 30 сая болгосон юм. Сонгуулийн үеийн хандивыг 2005 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд анх тусгаж, дээд хэмжээг нь иргэний хувьд нэг, хуулийн этгээдийн тухайд гурван сая төгрөг байхаар тогтоосон түүхтэй. Үүнээс хойш бараг 20 жил өнгөрч, таван удаагийн сонгууль зохион байгуулах гэж байна. Энэ хугацаанд сонгууль бүрийн өмнө хуулийг нь өөрчилж, хандивын хэмжээг нэмэгдүүлсээр иргэн болон хуулийн этгээдээс намд өгч болох мөнгөн дүнг тус бүрд нь 10 дахин өсгөчихөж.
Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуульд хандивын талаарх зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, намын орлогын эх үүсвэрийн нэг нь хандив байхаар заасан юм. Өнгөрсөн онд уг хуулийг шинэчлэхдээ нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12, хуулийн этгээдийнх 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй байхаар тогтоогоод буй. Энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар мөрдөж байгаа бөгөөд иргэн 7.9, хуулийн этгээд 33 сая хүртэл төгрөг хандивлаж болох нь. Уг хуулийг 2005 онд буюу 20 орчим жилийн өмнө батлахдаа намд зориулж нэг удаа өгөх хандивын хэмжээг хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан байв. Ингэхдээ нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёр удаа мөнгө өгөхийг зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд намд нэг жилд 20 сая хүртэл төгрөг хандивлаж болохоор байсныг 33 сая болгон нэмэгдүүлсэн хэрэг. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан хандивын хэмжээ өснө гэсэн үг. Иргэний хувьд мөн жилд хоёроос ихгүй удаа тус бүр нэг сая төгрөг хандивлах зохицуулалт тус хуульд байсан бөгөөд үүнийг бараг найм дахин өсгөчхөөд байна. Бас л жил ирэх бүр нэмэгдэх зохицуулалт нээлттэй гэсэн үг. Эндээс харвал, ээлжит сонгуулийн хоорондох дөрвөн жилд аль нэгэн хуулийн этгээд нэг намд 132 сая төгрөг (2024 онд баримтлах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол) хандивлахаар байгаа юм.
Гэхдээ тухайн хандивлагч иргэн тус намын гишүүн бол түүний төлөх татвар, намд өгөх бусад мөнгийг хандив гэж үзэх бөгөөд тэдгээрийн нийлбэр нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс илүүгүй байхаар шинэчилсэн байна. Бас иргэн, хуулийн этгээдээс нэг жилийн хугацаанд нэг намд өгөх хандивын хэмжээг тухайн нам, түүний салбар болон бүтцийн нэгжид өгсөн мөнгөний нийлбэр дүнгээр тооцохоор заажээ. Өмнө нь мөрдөж байсан хуульд “намын нэг байгууллага” гэдэг нь тодорхойгүй буюу МАН-аар жишээлбэл, Их хурал, Удирдах зөвлөл, Бага хурал, Хяналтын ерөнхий хороо болон орон нутгийн хороодын чухам алиныг нь хэлж байгаа нь ойлгомжгүй, давхцал үүсгэж буйг судлаачид шүүмжилж ирсэн юм. Мөн хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг тухайн хуулийн этгээдийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн мөнгөний нийлбэр дүнгээр тооцохоор нарийвчилжээ. Тухайлбал, МАН-ын 2020 оны сонгуулийн тайлангаас харвал “Болд төмөр Ерөө гол”, “Дорнын говь”, “Юнайтэд ресурсес” компаниас тус бүр 20 сая, “Хан өлгий” компаниас 500 мянга, залуу чуудынх нь байгууллага болох НАМЗХ-ны таван ажилтны нэг өдрийн цалин болох 251 400 төгрөгийн хандиваас бусад нь хувь хүмүүсийнх байсан юм. Тэгвэл хуулийн этгээдийн хувьд өгч болох хандивын дээд хэмжээ 20 сая төгрөгийг МАН-ын сонгуулийн дансанд нэг өдөр, нэг дор шилжүүлсэн дээрх компаниуд нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд хамаатай байв. Түүнчлэн тэдний хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр нь хамтатган тооцох аж.
Үүнээс гадна сонгуулийн болон сонгуулийн бус үеийн буюу Улс төрийн намын, УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан хандивыг иргэн, хуулийн этгээд давхардуулан өгч буй, эсэхийг хянах зохицуулалт байгаагүй. Эрх баригчид эдгээр хуулийг шинэчлэхдээ ч үүнийг тодорхой болгосонгүй. Ингэснээр сонгуулийн жилд нам, эвслийн авч болох хандивын хэмжээ өсөх нөхцөл бүрдэж байгаа юм.
Хамгийн гол нь иргэний өгсөн хандив хууль ёсных мөн, эсэхийг бүрэн тодруулах зохицуулалт алга. Өөрөөр хэлбэл, хуримтлал, эсвэл цалингаасаа намд 10 сая төгрөг шилжүүлж байгаа хүнд үнэхээр тийм боломж бий, эсэхийг л тодруулах зохицуулалтгүй хэвээрээ байна. Сануулбал, өнгөрөгч сонгуулиар Ардын намынхны хийсэн явцын тайланд 1402 иргэн хандив өгсөн тухай мэдээлэл байх бөгөөд тэдний 967 нь тус бүр таван сая төгрөг шилжүүлсэн байдаг. Бараг 70 хувь нь ихэвчлэн нэг өдөр, нэг дор тав, таван саяар “бөмбөгдсөн” хэрэг. Энэ их мөнгийг нэр дэвшигч, нам, эвсэл нь өөрсдөө тав, таван саяар нь хувь хүмүүсээр хандивын дансандаа тараалгасан байхыг үгүйсгэхгүй. Тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө хаанаас, ямар “шошго”-тойгоор орж ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа нь асуудал юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэх заалт бий ч мөнгөний мөрийг мөшгөж, гарал үүслийг нь илрүүлэх боломжийг бүрдүүлсэнгүй.