Газрын тос гэдэг дэлхийн геополитикийн том сэдэв. Монгол Улсад эл сэдэвт хамааралтай байх боломж бүрэн дүүрэн бий. Харамсалтай нь манайх дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж чадсан ч хурган дарга, улстөрчдийн жижиг амбиц гацаасаар байна. Тодруулбал, 80 жилийн түүхтэй газрын тосны салбар импортын шатахууны хамааралд ортлоо унасан. Бүр газрын тос гаргах мэргэжилтэнгүй болтлоо мухарджээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Хятадын Петрочайна Дачин Тамсаг компанид эрх олгосон. Ийм нөхцөл дотоодын шатахууныг хангах, бие даасан байдал, зах зээлд гол хүндрэлийг дагуулсаар ирсэн. Монгол Улс газрын тосны хэрэгцээгээ бүхэлд нь импортоор хангадаг. Тэр дундаа ОХУ-аас бүрэн хамааралтай. Энэ нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал, бүтээн байгуулалтын үнийн өсөлт, инфляц хөөрөгдөхөд сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашид Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулж, урагшаа алхах боломжийг хаасан.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Гол үзэл баримтлал Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангах байв. Үүний дараа тус зөвлөлийн 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 14/06 дугаар зөвлөмжид Стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өнгөрсний дараа үйлдвэртэй болох асуудлыг тухайн үеийн Н.Алтанхуягийн Засгийн газарт үүрэг болгожээ. Харин жилийн дараа буюу 2015 оны тавдугаар сард БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар БНЭУ-ын Экспорт-Импорт банк /Эксим/ хооронд “Зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулжээ. Гэвч энэ Засгийн газрын үед өөр дорвитой ажил хийгээгүй. 2017 оны хоёрдугаар сарын 17-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дээрх зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг долоон жил гацаасан газрын тос боловсруулах үйлдвэр барих нөхцөл бүрдсэн нь энэ юм. Ингээд тус оныхоо дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ТӨБЗГ-ын 108-р тогтоолоор “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг /МГТБҮ/ ТӨХХК болгосон. УИХ-аар зээлийн ерөнхий хэлэлцээрийг батлав. Улмаар 2018 оны аравдугаар сарын 24-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 323-р тогтоолоор “МГТБҮ”-ийг төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ гэж тогтсон.
Шийдвэр гарснаас хойш холбогдох инженерчлэлийн ажил үргэлжилсээр 2021 оны нэгдүгээр сарын 15-нд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн ч асуудлууд ар араасаа хөвөрсөн. Тус үйлдвэрийг барих шийдвэр Засгийн газраас гарснаас хойш дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзэж, өнөөдрийн хэмжээнд ирсэн гэсэн үг. Үүгээр ч тогтохгүй тав дахь Засгийн нүүр үзсэн. Тодруулбал, мөн оны нэгдүгээр сарын 29-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль баталсан. Гэхдээ УУХҮЯ хууль хэрэгжүүлэх дорвитой алхам хийгээгүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2023 оны гуравдугаар сарын 1-ний Засгийн газрын 82-р тогтоолоор “Эрдэнэс МГЛ” нэгдлийн бүрэлдэхүүнд дээрх үйлдвэрийг оруулах шийдвэр гаргасан. Ингэснээр тус үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, Хөгжлийн банкнаас үйлдвэрийн хотхон барих санхүүжилтийг гаргахад ”Эрдэнэс МГЛ” нэгдэл баталгаа өгөх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр тус үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж буй. Өдгөө Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 км авто, 27 км төмөр зам, дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил, үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашааны ажил тус бүр 100 хувь, үйлдвэрийн ажилчдын 550 айлын орон сууцны бүтээн байгуулалт 63 хувьд хүрсэн. Харин үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалт өнөөдөр ч үргэлжилж байна.
Арваад орны 1000 гаруй инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна
Төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваажээ. Өөрөөр хэлбэл, EPC 01, 02, 03, 04 багцыг БНЭУ, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжүүлэх үйл явц нь хоорондоо нарийн уялдаа холбоотой олон салбар дамнасан цогц үйл ажиллагаануудаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Итали, Франц, ХБНГУ, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10-аад орны мянга гаруй инженер, мэргэжилтэн газрын тосны үйлдвэр барих ажилд гар бие оролцож байна.
Төслийн хүрээнд хийх бүтээн байгуулалтыг 4 хэсэгт хуваасан
- Технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “Kalpataru Projects International Limited” компани ажиллаж буй. Нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралт хийхээс 99 хувийг гүйцэтгэжээ.
- Анхдагч процессын болон дагалдах байгууламж буюу (EPC 02), Үйлдвэрийн цахилгаан станц болох (EPC 03)-ын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани ажиллаж буй. Тэд инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, зураг төслийг боловсруулах, хянах ажлыг гүйцэтгэсэн. Мөн нийт 42 резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакадын барилга угсралтын ажил хийж байна.
- EPC 04 багцад хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан Итали, АНУ, Франц, Нидерланд улсын компаниуд зураг төслөө 2022 оны арванхоёрдугаар сард боловсруулсан. Уг багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр EPC 02, 03 багц ажлыг гүйцэтгэж байгаа MEIL компани шалгарчээ. Ингээд Засгийн газрын 2023 оны 336-р тогтоолын дагуу өнгөрсөн есдүгээр 29-нд EPC 04 багц ажлын I хэсгийн гэрээг байгуулсан. Тус багцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсанаар төслийн бүтээн байгуулалтын бүх ажил “эзэн”-тэй болжээ.
530 км урттай газрын тос дамжуулах хоолой барина
Их хэмжээний тосыг автомашинаар тээвэрлэх боломжгүй учраас дамжуулах хоолой зайлшгүй барина. Тиймээс Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт орших Тамсагийн сав газарт 530 км урттай түүхий тос дамжуулах хоолойг барьж эхэлсэн. Тус ажлыг БНХАУ-ын төрийн өмчит "Норинко Интернэйшнл Кооперэйшн" компани гүйцэтгэж буй. Барилга угсралтын ажлыг 2023 оны зургадугаар сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар 226 км хоолойг гагнаж холбожээ. Мөн үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийж, нийт 25 км хоолойг газрын гүнд булсан. Дэлхийд БНХАУ 305, АНУ 230, Европын улсуудад 430 км газрын тос дамжуулах хоолойтой бол Монголд 530 км хоолой барихаар ажиллаж байна.
Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайгаас газрын тос олборлоно
Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд хэрэгтэй. 2018 оноос дээрх асуудал сөхөгдөж, газрын тосоо хэрхэн гаргаж авах нь шүдний өвчин болсон. Өөрөөр хэлбэл, Монголд газрын тосоо гаргах мэргэжилтэн байгаагүй. Мөн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр сор газруудаа Петрочайна Дачин Тамсаг компанид өгчихсөн. 332 сая тонн нөөцтэй хэрнээ үйлдвэр бариад, түүхий эдээ хэрэглэх гэсэн соргүй газраас олборлолт хийхэд хүрэв. Ингэхдээ Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайг ашиглана. Гэвч үүний нэг нь Петрочайна Дачин Тамсагийн хэрэглээд үлдээсэн талбай юм. Нөхцөл байдал ийм байгаа ч олон улсын мэргэжилтнүүдийн ноу хауг нутагшуулж, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах том амбиц бий. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 болон 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Алсын хараа 2050-д газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилт тусгаж өгсөн.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд асан, ноён М.П.Сингх үүнд нь баталгаа өгөх мэт “20 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан төдийгүй БНЭУ-ын сансрын Chandrayaan төсөлд оролцож буй БНЭУ-ын аж үйлдвэр, технологи хөгжүүлэлтийн хамгийн том компани болох “Engineers India Limited” Монгол Улсад хэрэгжиж буй ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй учраас уг төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байж болно” гэдгийг Монголд ажиллаж байх үедээ илэрхийлж байсан.
Нарийвчилсан ТЭЗҮ-ээр 560 инженер, техникийн болон туслах ажилтан шаардлагатай. Үүнээс инженер 58, техникч 22, бусад мэргэжилтнүүд 20 хувийг эзэлнэ. Гэвч гагнуурчин авах ажлын зар тавиад шаардлага хангах мэргэжилтэн олдоогүй. Тиймээс боловсон хүчнээ бэлдэх асуудал урган гарч ирсэн. Ингээд ШУТИС-д Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн инженерчлэлийн бакалаврын ангийг шинээр нээж, тэтгэлэгтэй хөтөлбөр зарласан. Гурван жилийн хугацаанд жил бүр 40 оюутан суралцуулна. Мөн БНЭУ-ын Засгийн газрын зардлаар МГТБҮ компанийн 20 инженерийг онол, практикийн 2.5 сарын хугацаатай сургалтад хамруулж байна.
Харин “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн захирал Д.Алтанцэцэг “Мега төслийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл бий. Мэдлэг, боловсрол, туршлага, ажиллах нөхцөл, улс төрийн ашиг сонирхол гээд. Энэ бүгдийг ямар ч байсан даван туулж, Монгол залуучуудын зүрх, сэтгэлд гэрэл асаах төслийг дуусгахаар зорьж, ажиллаж байна” гэдгээ тодотгов.
Эдийн засагч Г.Батзориг “Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч энэ бол ихэд ач холбогдолтой төсөл. Газрын тосны хэрэгцээ шаардлага жил ирэх бүр өсөж байгаа энэ үед зөвхөн ОХУ-ын шатахуунаас хамааралтай байх нь эрсдэл дагуулна. Экспортолдоггүй юм аа гэхэд дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага бидэнд бий” гэдгийг онцоллоо.
2027 оноос эхний багц ажлын зээлээ төлнө
Харин зээлийн эргэн төлөлтийг МГТБҮ-ээс гэрээ тус бүрээр багцлан, эргэн төлөлт хийх саналыг БНЭУ, Монгол Улсын төр засагт гаргажээ. Ингэхдээ EPC 01 багц ажлын бүтээн байгуулалтын зардлыг 2027, EPC 02/03 багцыг 2030 оноос, EPC 04 багц ажлын төлбөрийг 2031 оноос төлнө. БНЭУ-аас авч буй зээлийн хэлэлцээрт тухайн зээлийг зөвхөн үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах хатуу заалттай. Мөн ерөнхий гүйцэтгэгч хийсэн ажлаа захиалагч тал буюу Монголчуудад хянуулаад, УУХҮЯ-руу баримтаа явуулна, яам хянаад Сангийн яам руу баталгаажуулж, улмаар БНЭУ-ын Экзим банк руу мэдээллээ явуулж, тус банкнаас ерөнхий гүйцэтгэгч рүү санхүүжилтээ шилжүүлэх процессоор санхүүжилт хийх учиртай.
Монгол Улсын газрын тосны нийт хэрэглээ 2 сая гаруй тонн байгаагаас 70 орчим хувийг төвийн болон говийн бүсэд хэрэглэдэг. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ДТ-824, АИ95-396, Онгоцны түлш 80, зуухны түлш 47, шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн үйлдвэрлэнэ. Эдгээрийг үйлдвэрлэвэл дотоодын хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангах нөхцөл бүрдэнэ. Цаашлаад үйлдвэрийн хүчийн чадлыг нэмэгдүүлэх боломжтой.
Хугацаа алдах тусам зардал өссөөр
БНЭУ-ын Засгийн газартай нэг тэрбум ам.долларын зээл авах хэлэлцээр хийсэн. Гэвч цар тахал дэлхий даяар тархаж, хугацаа алдсаны улмаас зардал өссөн. Техник, тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдсэн. Тиймээс 2023 оны есдүгээр сарын 27-нд УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс нарийвчилсан ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцүүлж, баталсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар өсжээ. Намрын чуулганаар энэхүү зардлын асуудлыг хэлэлцэж, зээлийн үнийн дүнг өсгөхөөр төлөвлөсөн ч амжаагүй. Ирэх хаврын чуулган хүртэл хүлээх хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн талтай хэлэлцээд, тохирсон ч зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар батлах учиртай. Энэ мэт төрийн шат дамжлага бүрийг хүлээх зуур цаг хугацаа алдаж, зардал өссөөр... Юутай ч Энэтхэгийн талаас нэгэнт эхлүүлсэн төслөө дуусгах чин эрмэлзлэлтэй, МГТБҮ-ийн зүгээс шатахууны импортын хараат байдлаас гарахаар зорьж буй. Харин улстөрчдөд шатахууны хамаарлаас гарах сонирхол алга бололтой.