“Архангайн цагаан идээ-2024” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд нээгээд буй билээ. Архангай аймгийн Тариат, Чулуут зэрэг сумаас цагаан идээгээ борлуулахаар Улаанбаатарыг зорин ирсэн иргэд тэнд бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Тэд нэг кг ааруулыг 30-40 төгрөгөөр борлуулж байв. Цагаан идээгээр зассан иж бүрэн тавгийн идээ 350 000 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Үүндээр тавгаа чимэглэх жижиг ааруул авна гэвэл 380 000 төгрөг болох нь. Тогооны өрөм зузаан нь 35 000, нимгэн нь 25 000 төгрөгийн үнэтэй аж. Харин сүүн ааруул байсангүй. Мөн Хөвсгөл аймгаас авчирсан гүзээлзгэнэ, үхрийн нүд, мойл зэргийг ч борлуулж байлаа. Тэнд чацаргана нэг кг нь 6000, нэрс 18 000 төгрөгийн үнэтэй.
Худалдагчид “Цагаан идээний үнийг иргэд асуугаад л байна. Харин авах нь цөөн юм. Голдуу нэг кг-аар л авч байна даа. Тавгийн иж бүрдлийн үнийг асуусан хүн байхаас биш, авах нь тун цөөн” гэв. Үзэсгэлэн худалдааг Цагаан сарынхаа бэлтгэлийг базаахаар ирсэн иргэд зорьж очсон байлаа. Цагаан идээ худалдах асар бүрд л 2-3 үйлчлүүлэгч байв. Худалдагч нь ч амрах завгүй аж. Хорхой ааруул болон жижиг ааруулаас л иргэд нэг кг-аар авах нь элбэг гэнэ. Эдгээрээс Чулуут сумынхны хийсэн шоколадтай чипсэн ааруул эрэлттэй байгаа аж. Үнийн хувьд кг нь 38 000 төгрөг. Үүнээс 250 граммыг авахад 9000 төгрөг болно.
Архангай аймаг нь малынхаа тоогоор улсад дээгүүрт “давхидаг”. Мөн цагаан идээгээрээ алдартай. Үүний учир нь боловсруулалтдаа болон газрын гарц, өвсний шимд байдаг аж. Тус аймгийнхан сарлагаа өвөл голлон тэжээж, аль ч улиралд шинэхэн цагаан идээгээ үйлдвэрлэсээр байдаг юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн