Инфляцын нөлөөлөл, орлогын өсөлтийн нөлөөлөл нь өрхийн орлогын бодит өсөлт дээр харилцан адилгүй байдаг. Яагаад гэвэл, инфляцын түвшнийг авч үзвэл 9 хувийн инфляцын 30-40 хувь нь үндсэндээ хоёрхон бараанаас хамааралтай байна.
Тодруулбал, нэгдүгээрт гурил, гурилан бүтээгдэхүүн инфляцид гол нөлөө үзүүлдэг. Энэ нь 25 хувийн өсөлттэй, нийт инфляцын бараг 20 хувийг дангаараа тайлбарлаж бүрдүүлж байна. Хоёрдугаарт, мах, махан бүтээгдэхүүн инфляцид 14-15 хувийн нөлөө үзүүлдэг. Тэгэхээр орлогын түвшнээс хамаараад хүнсний бүтээгдэхүүний өрхийн төсөвт эзэлж байгаа жин харилцан адилгүй байгаа юм. Инфляцын бүлгүүдийг авч үзвэл дээрх хоёр бараанаас гадна нийт дотоодын хүнс өөрөө өсөлттэй байна. Тийм учраас ялангуяа энэ төрлийн дотоодын хүнс зарлагад нь өндөр жин дардаг өрхүүдийн хувьд дарамт арилаагүй гэсэн үг.
Нөгөө талдаа өрхийн санхүү дээр дарамт үзүүлж буй бас нэгэн хүчин зүйл бол хэрэглээний зээл. Нийт зээлийн өсөлт 13-15 хувийн хооронд хэлбэлзэж байх үед хэрэглээ, цалин, хадгаламж барьцаалсан зээлүүд 30 гаруй хувийн өсөлттэй байна. Нэг талаас цалингийн өсөлтийг дагаад хэрэглээний зээл өсөж байгаа ч нөгөө талдаа энэ нь өрхийн гар дээр үлдэх орлогын дийлэнх хэсгийг зээлийн сарын төлбөр рүү татах нөхцөл болсон. Ингэснээр зээлийн өсөлт хэрэглээнд зарцуулах орлогыг бууруулж, өрхийн санхүүгийн бодит чадавхад сөрөг нөлөө үзүүлсээр байгаа аж.