“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо.
Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын дараа орох эдийн засгийн үр өгөөжтэй гадаадын хөрөнгө оруулалттай төслийг эхлүүлэхээр хэлэлцээ хийгээд буй. Тодруулбал, Монгол Улсын болон Францын Засгийн газар хэлэлцээ хийж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ураны төсөл хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө боловсруулж байгаа билээ. Тус гэрээний төслийг хоёр улсын хамтарсан компани болох “Бадрах энержи” хэрэгжүүлэх юм. Талууд энэ онд багтаан хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр төлөвлөсөн. Засгийн газар энэ сард гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний ийм төслийг манайд хэрэгжүүлэх тун дөхсөн учраас уран олборлохын ач тус хийгээд аюул, эрсдэлийн тухай монголчууд эрчимтэй ярьж буй билээ.
ТУРШИЛТЫН ХУГАЦААНД 10 ТОНН УРАН ОЛБОРЛОЖЭЭ
Зөөвч-Овоогийн ураны орд нь сүүлийн 10 жилд илрүүлсэн дэлхийн 20 том ордын нэгт тооцогдож буй. Ордын бүртгэгдсэн нөөц 100 345 тонн бөгөөд үүнээс ашиглаж болох нь 87 660 тонн. Ураныг ил, далд, газар доор уусгах гэсэн гурван аргаар олборлодог байна. Тэгвэл Зөөвч-Овоо ордыг газар доор уусган олборлох аргаар олборлоно. Үүний тулд “Бадрах энержи” ХХК-ийнхан Зөөвч-Овоо ордоос 2021 оны долоодугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэлххугацаанд туршилтын олборлолт хийжээ. Энэ хугацаанд 10 тонн уран олборлосон гэнэ.
Ураны орд нь газрын 200 метр орчим гүнд элсэн чулуун давхаргад байрладаг юм байна. Хүдрийн орд буюу эрдэсжсэн бүсийн дээд, доод хэсэгт шавран давхарга оршино. Шавран давхаргын зузаан 5-15 метрээс дээш байвал олборлох боломжтой гэж үздэг аж. 200 орчим метрийн гүнд байх хүдрийг цооног гарган хэрхэн олборлож байгаа талаар “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Гантулга “Ураныг шахалтын зургаа, олборлох нэг цооногийн тусламжтай олборлоно. Эхлээд олборлох цооногоос 200 орчим метрийн зайд хүдэр байгаа хэсгийн усыг нь соруулж авна.
Соруулсан усаа үйлдвэр лүү дамжуулна. Үйлдвэрээс соруулсан усандаа хүхрийн хүчил нэмнэ. Нэг литрт 10 грамм хүхрийн хүчил тааруулах байдлаар уусмалаа шахалтын зургаан цооногт хийнэ. Ингэснээр хүдэр байгаа хэсэгт буюу 135-155 метрийн гүнд хүхрийн хүчилтэй уусмалаар уусгалт хийнэ. Бүрэн хэмжээнд ууссанаар эрдэс чулуунд байгаа хатуу хэлбэртэй уран шингэн хэлбэрт шилжих юм. Энэ нь битүү орчинд цикл хэлбэрээр эргэлтэд орох учраас аюулгүй. Шингэн болсон урантай уусмалаа төвийн олборлох цооног руу дамжуулж, дахин үйлдвэрт дамжуулна. Үйлдвэрт ион солилцооны давирхай гэдэг бодисоор уранаа шингээж уснаас нь салгаж авах юм. Уранаа ялгаж авснаар хүхрийн хүчилтэй шингэн усыг цооногийн талбай руу дамжуулна.
Цооногийн талбай руу дамжуулахаас өмнө усандаа дахин хүхрийн хүчил нэмнэ. Хүхрийн хүчил хангалттай хэмжээнд байвал нэмэхгүй, харин дутагдаж байвал бага зэрэг нэмэх байдлаар дахин усаа ашиглана. Олборлолтын цооногоос гадна 5-50 метрийн зайд 15 цооног бий. Эдгээр цооногоор дээд давхаргын буюу хүн, мал амьтны хэрэглээний устай хүхрийн хүчилтэй ус холилдож байна уу гэдгийг хянадаг юм. Өөрөөр хэлбэл, туршилт эхлэхээс өмнө, туршилтын үед, туршилтын дараа хэрэглээний ус ямар байгааг гурван төрлийн лабораторид шилжүүлж байгаа. Ураны эрдэс газрын гүнд 3-4 давхар шавран давхарга дунд байгаа. Тийм учраас газрын гадарга дахь усанд хор нөлөөгүй гэдэг нь батлагдсан. Хүдэр агуулж байгаа ус нь хүн, мал ашиглах боломжгүй, 200 метрийн гүнд байрлах эрдэс ихтэй усыг ашиглаж байгааг ойлгох хэрэгтэй. Харин малчид хэрэглээндээ 20 орчим метрийн гүнд байх гадаргын усыг хэрэглэдэг” гэлээ.
Ийнхүү үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, цэвэршүүлж хатаагаад, шар нунтаг хэлбэрээр эцсийн бүтээгдэхүүнээ гарган авдаг байна. Энэхүү нунтгийн зах зээлийн үнэ одоогоор нэг фунт нь 70 орчим ам.доллар байгаа аж. Эцсийн бүтээгдэхүүнийг ураны исэл хэлбэрээр олон улсын тээврийн стандартын дагуу авто, эсвэл төмөр замаар тээвэрлэж, экспортлох нь.
Зөөвч-Овоогийн ордод газар доор уусган олборлох аргыг ашигласнаар уурхайн нүх үүсгэхгүй, хүнд даацын машины хөдөлгөөн гарахгүй бөгөөд чулуун овоолго, хаягдлын сан үүсгэдэггүй зэргээрээ давуу талтай аж. Олборлолт дуусахад байгаль орчныг нөхөн сэргээхэд илүү хялбар гэдгээрээ онцлог. Уламжлалт уурхайтай харьцуулахад ус, эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгч 2-5 дахин бага ялгардаг. Олборлолт явуулахыг зорьж буй газар нь газар доор уусган олборлох технологийг ашиглахад шаардлагатай нөхцөл нь бүрдсэн аж. Энэхүү аргыг олон улсад ашиглаад 70 жил болж буй ч манай улсад анх удаа нэвтрүүлэх гэж байна.
Түүнчлэн туршилтын үйлдвэрлэлийн явцад хийсэн орон нутгийн хүн амын цацрагийн хяналтын үр дүнгээр компанийн үйл ажиллагаанаас шалтгаалсан цацрагийн нэмэлт шарлага үүсээгүйг “Бадрах энержи” ХХК-ийнхан тогтоосон байна. Мөн туршилтын үйлдвэртэй ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд олборлолтын үйл ажиллагаа нөлөөлж буй, эсэхийг хэмжихэд тунгийн хэмжээ бага буюу сөрөг нөлөөгүй гэж гарсан байна.
УРАНААС МОНГОЛЧУУДАД ИРЭХ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ
Хоёр улсын Засгийн газар энэ онд багтаж хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж чадвал уурхайн боловсруулах шинэ үйлдвэр, ажилчдын байр барьж ашиглалтад оруулна. Харин одоо байгаа туршилтын үйлдвэрийг сургалтын байдлаар ашиглах юм. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2024 оноос бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн төсөл хэрэгжүүлэх хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө Монголд оруулах эхний тооцоог хөрөнгө оруулагч тал танилцуулсан. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалт 370 сая ам.доллар бөгөөд цаашдаа 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 2028 оноос олборлолт эхлүүлэх бөгөөд жилд 2500 тонн уран олборлож, үйлдвэрлэнэ хэмээн төлөвлөж байгаа аж.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт “Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Францын Геологийн албатай сансрын болон хайгуул судлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ураны хайгуул онцлогтой. Тиймээс сансрын хиймэл дагуулаас үздэг болсон юм байна. Санамж бичгийн хүрээнд цаашдаа хиймэл дагуулаас хайгуул хийнэ. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай хийвэл Монгол Улс ураны салбарын том тоглогч болох боломжтой. Казахстан улс дэлхийн хамгийн том тоглогч болчихсон байна. Бид эхний байдлаар ямар ч байсан Казахстанаас хамаагүй сайн нөхцөл тохирсон. Оюутолгойн ордоос бид 34 хувийг эзэмшсэн. Ингэхэд хөрөнгө оруулалт нөхөгдөөд ногдол ашиг авна.
Гэтэл Оюутолгойн далд уурхайн төслийн хөрөнгө оруулалтын зардал тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь ногдол ашиг авах хугацааг хойшлуулж байгаа. Мөн АМНАТ-аа таван хувиар тогтворжуулсан нь үр ашиг багатай. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд хэлэлцээ хийж байна. АМНАТ-аа 10-19 хувь хүртэл авах, мөн давуу эрхийн хувьцааг эзэмшихээр тохироод байгаа. Бас давуу эрхийн 10 хувь бий. Анх хоёр улс уран олборлох чиглэлээр гэрээ хийж байхад ураны ислийн үнэ 53 ам.доллар байсан. Өнөөдөр 72 ам.доллар болж байгаа юм. Үүнээс дундаж үнийг тооцоолоод үзэхээр төслөөс орж ирэх борлуулалтын орлого 12 тэрбум ам.доллар болно. Үүнээс татвараар 3.2 тэрбум ам.долларыг төвлөрүүлнэ. Мөн 3.4 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулагчийн ногдол ашиг болж орж ирнэ. Энэ төслөөс монголчуудад ирэх үр ашиг нь маш өндөр гэж тооцоолж байгаа юм. Ураны ислийн үнэ өсөх тусам Монголын тал давуу эрхийн 10 хувьцаагаа ашиглана” гэсэн юм.
“ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУС, УРАНЫ ИСЭЛ ҮЙЛДВЭРЛЭНЭ”
Манай улстай хамтран ураны төсөл хэрэгжүүлэх Францын “Орано майнинг” групп 70 жилийн түүхтэй. Мөн уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг. Тус компани өнөөдрийн байдлаар дэлхийн дөрвөн улсад олборлолт явуулж байна. “Орано майнинг” групп уран олборлохоос эхлээд боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, ложистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл тэд манайд уран олборлоод цөмийн энергийн эцсийн бүтээгдэхүүн бус, хар нунтаг бүхий ураны исэл үйлдвэрлэх юм. Энэ нь маш бага цацраг идэвхт бодис ялгардаг хамгийн анхан шатны бүтээгдэхүүн аж.
Энэ талаар “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Би Казахстан улсад ажиллаж байсан туршлагатай. Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг тус улс газар доор уусган олборлох технологийг ашиглаад 50 гаруй жил болж байна. Казахстанд уран олборлох уурхай дээр ажиллаж байх хугацаанд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг би нүдээрээ үзсэн. Өөрөөр хэлбэл, тус улсын уран олборлолтын уурхай орчимд ард иргэд нь нүүхгүй, мал аж ахуйгаа эрхлээд амьдарч байна. Ямар нэг байдлаар мал, амьтан хордсон тохиолдол байхгүй. Тэгэхээр бид энэ технологийг ашиглаад олон жил болсон томоохон улсуудын туршлагаас ямар нэг аюулгүй гэдгийг харж болно. Улаанбадрах сумд мал хордож байгаа талаарх мэдээллүүд өмнө нь гарч байсан.
Иймд манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай 2014 оноос хойш хамтран судалгаа хийж байна. Хамгийн сүүлд 2023 оны хавар малын эрүүл мэндийн судалгааг гаргасан. Судалгааг Хөвсгөлийн зарим сум болон Дорноговь аймгийн Айраг сумын малтай харьцуулж хийсэн. Судалгааны үр дүнгээр Улаанбадрах сумд онцгойлсон ноцтой зүйл байхгүй, хэвийн түвшинд байна гэх хариу гарсан. Газар доор уусган олборлох технологийг Монгол Улс анх удаа ашиглах гэж байгаа ч дэлхий нийтэд олон жилийн түүхтэй. Тэр дундаа “Орано майнинг” группийн хувьд энэ технологийг олон жил аюулгүй ашигласан туршлагатай. Улаанбадрах сумд уран олборлолтын үндсэн үйл ажиллагаа эхлэхэд малчид мал аж ахуйгаа уурхайн орчимд зэрэгцээд эрхлээд явах боломжтой” хэмээлээ.
Дээрх төсөл хэрэгжиж эхэлбэл орон нутгийн төсөвт хураамж хэлбэрээр хоёр тэрбум ам.доллар орж, шууд, шууд бус байдлаар 1600 гаруй ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Уурхай орчмын шинэ дэд бүтцэд цооногийн талбай, үйлдвэрийн бүсээс гадна Зөөвч-Овоо уурхайн үйл ажиллагаанд ажилчдын кэмп, шинэ авто зам, цахилгааны шугам, ачаа тээврийн өртөө барих юм байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн