Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөр болгон зургаан сая гаруй төгрөгийг өнгөрсөн долоодугаар сард “Грандхаан айриш паб” руу шилжүүлжээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус уушийн газарт хийж, 25-30 хүн хамруулахад ийм хэмжээний зардал гаргасан гэсэн үг. Тэд оролцогчдоо өдрийн хоолоор дайлсан юм билээ.
Үргэлжлүүлэн “Шилэн данс” нэгдсэн системээс дээрх нэгжийн зарлагын мэдээллийг “ухахад” өмгөөллийн “Хэрүга партнерс”-т хуулийн төслийн хяналтын төлбөр болгон 9.9 сая төгрөгийг энэ оны наймдугаар сард шилжүүлсэн байна.
Мөн “Хэрүга партнерс” нь хуулийн төслийн зөвлөх үйлчилгээний урьдчилгаа болгон 9.9 сая төгрөгийг зургаадугаар сард авчээ. Цаашлаад тавдугаар сард “Брэйнсторм” ХХК-д долоон сая төгрөгийг видео шторкны төлбөр болгон өгсөн байна. Энэ нь эдийн засгийн форумын үеэр үзүүлсэн, дүүжин тээврийн төслийг сурталчилсан шторк аж. Бас дөрөвдүгээр сард дүүжин тээврийн хоёрдугаар шугамын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний танхимыг түрээсэлсний төлбөрт “Тэрэлж сүйх” ХХК руу 12 сая гаруй төгрөг шилжүүлжээ. Мөн сард “Тридот креатив партнерс” ХХК-д 7.7 сая төгрөгийг BRT төслийн видео хийлгэсний төлбөрт өгсөн байна. Видеог нь эдийн засгийн форумын үеэр танилцуулсан бололтой.
Энэ бол төслийн нэгэн нэгжийн сүүлийн хэдэн сарын төсвийн зарцуулалтын мэдээллээс онцолсон цөөхөн баримт. Ер нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Өнгөрсөн онд гэхэд Үндэсний аудитын газраас төрийн 6995 байгууллагын санхүүгийн байдалд аудит хийж, төсвийн 65 захирагчид хариуцлага тооцох саналаа илэрхийлж байв. Учир нь тэд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, зарлагын мэдээллээ шилэн дансндаа хөтлөөд, “балбуулах” нэгэн байхад цэг ч хатгалгүй, таг дүлий орхидог нь ч бий. Гэхдээ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн шилэн дансаа бүрэн, төгс хөтөлдөг, эсэхийг бид бас хэлж мэдэхгүй. Төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлт хангалтгүй, уг хуулийн үйлчлэлд хамаарах газрууд, албан тушаалтнууд холбогдох мэдээллээ хуулийн хугацаанд нь оруулахгүй байх, дутуу, эсвэл санаатай худал мэдээлэх, засварлах үйлдэл гаргасаар ирсэн нь нууц биш.
Ямартай ч тухайн хуулийн төслийг хэдэн хүнд танилцуулж, хэлэлцүүлэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр хооллож, ундалчихаж. 30 хүн оролцсон гэж тооцвол нэгийнх нь идэж, уухад 200 мянга орчим төгрөг зарцуулсан гэсэн үг. Хотын төвд, гадаад, дотоодынхны хөл тасардаггүй, өртөг өндөртэй газраас үйлчилгээ авахад ийм хэмжээний төлбөр гарах нь зүйн хэрэг. Ер нь манай төрийн байгууллагынхан элдэв хэлэлцүүлэг, уулзалт, хурал, чуулган зохион байгуулахдаа хамгийн үнэтэй, өндөр зэрэглэлтэй гэгддэг газруудад захиалга өгч, байнгын үйлчлүүлэгч нь болчихсон байдаг юм билээ. Ганц ч төгрөг өөрсдөө олдоггүй атлаа хувийн хэвшлийнхнийг ч уулга алдуулам өнгөлөг, мөнгөлөг арга хэмжээ хийх нь түгээмэл болчихож. Төсөв, хөрөнгө нь “тачир”, хүрэлцэхгүй байна гэж гомдоллодог ч тансаглаж үрэн таран хийдгийн бэлээхэн жишээ нь энэ. Татвар төлөгчдөө туйлдтал нь “чангалж” цуглуулсан төсвийг талаар нэг тараадгийн бодит нотолгоо буюу.
Үүгээрээ аливаа хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үе шатыг богиносгож, хялбарчлах нь зүйтэй гэсэн санаа агуулсангүй. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төсөл санаачлах, төлөвлөх, боловсруулах ажлыг зохион байгуулахад нэг биш, нэлээд хэдэн удаа хэлэлцүүлэг, хурал хийх шаардлага тулгарна. Хөндлөнгийн, мэргэшсэн байгууллагаар судалгаа, үнэлгээ ч хийлгэх ёстой. Тэр нь ч зөв. Гагцхүү тэр болгонд ингэж “тансаглаад”, тал тал тийш нь цацаад байвал татвар төлөгчдийн мөнгө хайран. Зөвхөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гэлтгүй өнгөрсөн хугацаанд ийм маягаар маш их хөрөнгө зарцуулсан нь лав. Харин олон сайхан зүйл ярьж хийсэн энэ мэт ажлынх нь үр дүнг зарцуулсан мөнгөтэй нь дүйцүүлбэл төсвийн мөнгийг зүгээр л “урсгачихсан” мэт баримт бий болохыг ч үгүйсгэхгүй.
Үнэндээ хоол горьдож хэлэлцүүлэгт оролцдог хүн үгүй л болов уу. “Өдрийн хоол өгнө шүү” гэхээр урилгыг нь уриалгахан хүлээж авна гэж боддоггүй л байлтай. Өглөөний цайгаа уугаад гарсан хүмүүсийг хөнгөн зууш, цайгаар дайлаад, өдрийн хоолыг өөрсдөд нь даатгаж болох биш үү. Ер нь яаж хамгийн бага зардлаар, хамгийн үр дүнтэй ажиллах вэ гэдэгт төрийнхөн толгойгоо ажиллуулдаггүй, хүсдэг ч үгүй нь үйл ажиллагаануудаас нь илт. Жишээ нь, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Грандхаан айриш паб”, аль нэгэн зоогийн газарт бус, “Хангарьд” ордондоо ч хийж болох л байсан. Хамгийн дээд давхарт нь тусгайлан тохижуулсан, ёстой л тансаг хүлээн авалт хийхээр том танхим ч бий. Ямартай ч 16 давхар эл сүрлэг ордонд 30 хүний хэлэлцүүлэг зохион байгуулах танхим байж л таараа. Сул өрөө, тасалгаа байхгүй бол урьдаас бэлтгэж, зохицуулалт хийх нь менежерийн үүрэг байлтай. Дүүжин тээврийн хоёрдугаар шугамын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний танхим түрээсэлж 12 сая төгрөг зарлагадахын оронд өөрсдөдөө байгаа боломжийг яагаад ашиглаагүй юм бэ. “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Гашуунсухайт авто зам” ХХК энэ оны нэгдүгээр сард 31.8 сая төгрөгийг “Альфа стандарт” ХХК руу катеринг үйлчилгээний төлбөр болгон шилжүүлснийг ч энд дурдаж болно. Төсвийн мөнгө “уйлдаг” сан бол ямар ихийг өгүүлж, илчлэх бол.
Ямар сайндаа л Төрийн хэмнэлтийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан байх билээ. Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй. Хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхдээ энгийн хялбар, хүлээн зөвшөөрөгдөхүйц, үр ашигтай, бодитой байх, өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих зарчим баримтална гээд тус хуулийн дөрөвдүгээр зүйлд заачихсан. Бүр 4.2.3-т “Хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх”, 4.2.7-д “Аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх”, 4.2.9-д “Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээд, албан тушаалтан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас улсад учруулсан хохирол, зөрчлийн хариуцлагаа бүрэн хүлээдэг байх” хэмээн хэн ч ойлгохоор тодорхой биччихэж. Цаашлаад байгууллагынхаа цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хэмнэ, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуул гэх мэтээр нэгбүрчлэн заажээ. Харамсалтай нь, энэ хуулийг хэрэгжүүлэхгүй, төсвийнмөнгийгхэмнэхгүй байна. Хэн ч хариуцлага хүлээхгүй нь. Уг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төгсгөлд “Төрийн байгууллагуудын гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” хэмээх заалт байх аж.