-Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөрөөдөл-
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25, нэгдсэн төсвийн орлогын 30, нийт экспортын орлогын 91, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаар бүрдүүлдэг, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг нь уул уурхайн салбар юм. Гэвч экспортын эрдэс баялгийн 90 хувийг боловсруулалгүй түүхийгээр нь, хямд үнээр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлоод, хэрэгцээгээ импортоор хангадаг жишиг нэгэнт тогтжээ.
2020 сонгуулиар МАН ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайд болоод 2 жил найман сарын хугацаа өнгөрчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж, намын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж байгааг эргэн харъя.
“МАН-ын мөрийн хөтөлбөрт 2020-2024 онуудад хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно” хэмээн тусгажээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлд дараах цогцолборуудыг байгуулах асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан.
Үүнд:
- -Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
- -Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
- -Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
- -Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
- -Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
- -Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
- -Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
- -Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган, ашиглалтад оруулна.
Энэ мэт эдийн засгаа солонгоруулах мөрөөдөл тээсэн үе үеийн Засгийн газрын бодлого өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй, цаасан дээр бичигдсээр. Аж үйлдвэрийн цогцолбор, эдийн засгийн тусгай бүс технологийн паркууд, инновацийн бүсийг хөгжүүлэх стратеги нэг л явж өгөхгүй байгаа юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бүтцийг харахад нийт ашигт малтмалын экспортын 70 гаруй хувийг баяжуулж, боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байна. Тухайлбал, 2022 оны нүүрсний нийт экспортын 78, төмрийн 76, жоншны 73 хувийг тус тус баяжуулж, боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байна” гэх статистикийг “Уул уурхайн долоо хоног” чуулга уулзалтын үеэр өгсөн.
Эрх барьж байгаа намын отгон чуулган эхэлж, сонгуульт жилүүдэд иргэд дүнгээ тавих хугацаа хаяанд ирсэн ийм үед нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэд хүргэх бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Сангийн дэд сайдын өгсөн статистик мэдээллээс харахад үр дүн муутайг батална. Нөгөө талдаа сонгуульт жилүүдэд хэрэгжүүлж байгаа эдийн засгийн тэр дундаа “Аж үйлдвэрийн сэргэлт” хэмээн сүржин нэртэй бодлогын хэрэгжилтийг 2024 оны сонгуулийн үеэр иргэд нэхэх хэрэгтэй.
Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх мөрөөдөл ямар шатандаа явж байна вэ гэдэг асуултад хариулт олохыг хичээе. Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 257 дугаар тогтоолоор үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага болох "Эрдэнэс ҮТП" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан. Ингэснээр зургаан чиглэлд үйлдвэр технологийн парк байгуулах төслийг боловсруулжээ.
- Зэс боловсруулах цогцолбор “Эрдэнэт ҮТП” төсөл: Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 762 сая ам.доллар. 2024 онд нарийвчилсан зураглалыг нь боловсруулж, 2025-2026 онд бүтээн байгуулалт өрнөж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Ган үйлдвэрлэлийн цогцолбор “Дархан ҮТП” төсөл: Нойтон баяжуулах болон Хорголжийн үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, Төмрийн үйлдвэр 2025 онд, Ширэм, Ган, Ган бүтээгдэхүний үйлдвэрүүдийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор “Хөтөл ҮТП” төсөл: 61.4 тэрбум төгрөгөөр Эргэх зуухаар шохой үйлдвэрлэх үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Нүүрс химийн цогцолбор “Багануур ҮТП” төсөл: Хоёр үе шаттай хэрэгжих тус төсөл 2024 онд эхэлж, 2027 онд дуусна. Нэгдүгээр үе шат нь 373 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2025 онд ашиглалтад орно. Хоёрдугаар шат нь 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжг, 2027 онд дуусгана. Мөн 634 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Багануур” ЦС барих төлөвлөгөөг гаргажээ.
- Кокс, химийн цогцолбор “Тавантолгой ҮТП”:948 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сая тонн Нүүрс боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулна. 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Кокс, эрчим хүчний үйлдвэрийг 2027 онд, 2.8 их наяд төгрөгийн өртөгтэй Тавантолгой ЦС-ийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. /Сүүлд Жонш боловсруулах цогцолбор “Бор-Өндөр ҮТП” нэмэгдсэн/
- Коксжих нүүрс боловсруулах “Тавантолгой ҮТП”-ийг “Хоёр улс, хоёр парк” төслийн хүрээнд хийхээр тус тус төсөвлөж байна.
Гэвч дээрх төслүүдийн эхний үр дүн 2025-2027 онуудад гарна. Харин ирэх жил сонгууль болно. МАН-ын хэрэгжээгшүй мөрийн хөтөлбөрт иргэд ямар дүн тавих бол. 2020-2024 онуудад дээрх үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулах тухай мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан МАН өнөөдөр “хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг нэг шатаар ахиулна” гэх өгүүлбэрийг бодлогодоо тусгадаг болсон юм.
2024 оны төсвийн төсөлд аж үйлдвэр хөгжүүлэх асуудлыг мөн тусгасан
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах
- Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг үргэлжлүүлэх
- Гангийн үйлдвэр байгуулах
- Ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах
- Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн төслийг эхлүүлэх гэх мэт мөрөөдлүүдийг тусгаж өгчээ. Сонгуульт жилүүдэд баригдаж, бүрэн ашиглалтад оруулах төслүүд ийнхүү зөвхөн эхлэл шатанд явж байх жишээтэй.
Өнөөгийн нөхцөл байдал: Зэс боловсруулалт
Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр", "Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах үйлдвэрлэх үйлдвэр“-ийг тус тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 12.6 км авто замын ажил 35 хувь, 3.1 км төмөр зам барих ажил 45 хувьтай, ариутгах татуургын сонгон шалгаруулалт, цахилгаан хангамж зураг төслийн боловсруулалтын шатанд явж байна. /Эцсийн үр дүн гараагүй/
Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс нь өгсөн. Тодруулбал, Алтанширээт ҮТП 2025 оноос ширэм гаргах бол Дорноговь аймгийн Хөвсгөл суман дахь Гэрэлт говь ҮТП коксжсон нүүрсийг кокс болгон экспортолно.
Хүнд үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчин 1998 оноос эхлэлтэй
Монгол Улсад 1998 онд Техник, технологийн хууль батлагдсанаас хойш хүнд үйлдвэрийн салбар төрийн захиргааны төв байгууллагын харьяа нэгж хэсэг болжээ.
- 2009 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хууль батлагдсан.
- 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр,
- 2017 оны тавдугаар сарын 12 өдөр нэмэлт өөрчлөлт орсон.
- 2014 онд аж үйлдвэрийн салбарын бие даасан яамтай болсон. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж байсан юм.
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 29-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” батлагджээ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/185 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн тухай хууль”-ийн үзэл баримтлал боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
- Монгол Улсын Их хурлын 2020 оны 08 сарын 28 өдрийн 24 дүгээр тогтоолоор “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсан. Хүнд үйлдвэрийн салбарт холбогдох 3.2.7.1, 3.2.7.2, 3.2.7.3, 3.2.7.5 заалтууд тусгагдсан.
- Монгол Улсын Их хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30 өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлого батлагдсан.
Мөн Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар салбар яамнаас төлөвлөж байна. Ингэснээр аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлууд зөвхөн эхлэл цэгийг тавих суурь болсон байгаа юм. Ийнхүү МАН-ын үг үйлдэл зөрж, цаасан дээрх хүнд үйлдвэрийн тоо нэмэгдэж, хүслийн жагсаалт хөвөрсөөр. Харин бидэнд МАН-ын хэрэгжээгүй мөрийн хөтөлбөр буюу хүнд үйлдвэртэй болох мөрөөдөл бий...