Баян-Өлгий аймгийн Бугат сумын Тоорцог толгойн (Бух толгой) төмөр бетонон гүүрийг хэдэн өдрийн өмнө нээж, тус аймгаас сонгогдсон гишүүд нь тууз хайчлав. Ингэснээр Бугат, Алтанцөгц, Баяннуур, Өлгий сумынхан, аялж, жуулчилж яваа хүмүүс дөт замаар аюулгүй зорчих боломж бүрдүүлж буй. 169 метрийн урттай уг гүүрийг улсын төсвийн хөрөнгөөр барих ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн бөгөөд нийт өртөг нь 5.8 тэрбум төгрөг. Тус гүүрний дэргэд “УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хүний гавьяат эмч Буланы Бейсений санаачилгаар бүтээн байгуулав. Гүйцэтгэгч “Жол” ХХК, 2023.09.14” хэмээн сийлсэн чулуун хөшөөг босгочихож. Татвар төлөгчдөд бус, тухайн аймгаас УИХ-д сонгогдсон гишүүнд талархаж буйн илэрхийлэл бололтой. Жижиг биш энэ хөшөөг хийхэд зарцуулсан хөрөнгө дээрх 5.8 тэрбумд багтсан уу, эсвэл тусдаа юу, хэн нэгэн улстөрчийн халааснаас гарсан уу гэдэг нь сонирхолтой санагдана. Та, бидний төлсөн татварын мөнгөөр барьсан бүтээн байгуулалтыг гишүүд өмчилж, өөрсдөө цементийг нь зуурч, чулууг нь үүрч дүүрч босгосон аятай аашилж ирсний нэн ойрын нэг жишээ л энэ.
Б.Бейсен гишүүн “би”-гээ дарж чадалгүй хөшөөнд сийлсэндээ баалуулж буйгаас бус, төсвийн бүх хөрөнгө оруулалтыг гишүүд тал тал тийш нь татаж, тойргийнхондоо таалагдах гэж саймширдаг нь нууц биш.
Тус гүүрийг нээх ёслолын ажиллагаанд АН-аас сонгогдсон Б.Бейсен, МАН-аас сонгогдсон Х.Баделхан, Т.Аубакир гээд нам харгалзахгүй “шавсан” харагдана лээ. Бас аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар гэх мэт дараагийн сонгуульд өрсөлдөж мэдэх горилогчид оччихож. Дараа нь энэ “баг”-ийнхан Толбо сумын төвийн нийт 2.3 км хатуу хучилттай авто зам, зургаан км явган хүний зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалтын ажлыг хүлээн авах ёслолд оролцсон. Мөн л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт л даа. Бас Хөшигийн хөндийд шинэ нисэх буудлыг ашиглалтад хүлээн авахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хөшөө болгоод залчихсан нь шүүмжлэл дагуулж байв. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнх нь ерөнхий боловсролын сургуульд улсын төсвийн санхүүжилтээр хийсэн хөрөнгө оруулалтыг өөрийнх нь санаачилга болохыг тодорхойлон тус сургуулийн хананд мөнхөлсөн юм. Манай улстөрчдийн энэ мэт жишээ бишгүй.
Сонирхолтой нь, хөшөөн дээр нэр нь байгаа “Жол” компани УИХ-ын гишүүн Х.Баделханых. Тус компанийг Х.Баделхан гишүүн өөрөө үүсгэн байгуулж, өдгөө хүүгийнх нь бизнес болсон гэдэг. Баян-Өлгий аймагт зарладаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг бүтээн байгуулалтын бүхий л тендерийг тэрбээр “Жол” компаниараа дамжуулан өрсөлдөгчгүй авдгийг мэдээллийн эх сурвалжууд удаа дараа гаргаж тавьсан. Жишээ нь, “Жол” ХХК 2014-2022 онд төрийн 40 тендерт оролцож, 26-д нь шалгаран, улсын төсвөөс 40 гаруй тэрбум төгрөгийн ажил авчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа ажлыг нэг нь санаачилсан хэмээн өмчилж, нөгөө нь төрсөн хүүгийнхээ компаниар хийлгэж, санхүүжилтийг нь аваад, тууз хайчлахад нь хамтдаа зогсож байна. “Хориглоогүй бол зөвшөөрөгдөнө” хэмээн аашилж ирсэн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдээ огтхон ч тоодоггүй улстөрчдийн нийтлэг дүр төрх нь энэ. Тиймээс ч УИХ өнгөрсөн долдугаар сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсвэл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсвэл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” хэмээн хориглоод байна.
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан. Б.Бейсен гишүүн “би”-гээ дарж чадалгүй хөшөөнд сийлсэндээ баалуулж буйгаас бус, төсвийн бүх хөрөнгө оруулалтыг гишүүд тал тал тийш нь татаж, тойргийнхондоо таалагдах гэж саймширдаг нь нууц биш. Тэд улс, нийслэл, аймгаас хальж, сум, дүүрэг, баг, хороо, гудамжинд юу барьж, босгохыг шийдэж ирсэн гэхэд болно. Засгийн газар ч жил бүр улсын төсвийг боловсруулахдаа сонгогдсон гишүүдээс нь санал авдаг. Үүнийг “гишүүдийн багц” хэмээн нэрлэх агаад мөнгөн дүн нь нэг тэрбумаас эхэлж, өдгөө хэд дахин өсөөд буй. Тиймээс ч УИХ-ын гишүүд өгсөн саналаа хуульд тусгуулж, батлуулах гэж хөөцөлддөг нь ч үнэн. Хэн хүчтэй, нөлөөтэй нь тойрогтоо ахиухан хөрөнгө хуваарилуулдаг нь нууц биш, нэгэнт тогтсон жишиг гэхэд болно. “Том” албан тушаалтнуудтай тойргийн сонгуулийн жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг тун удахгүй сонжъё. Ямартай ч УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, холбогдох ажлын хэсгийн ахлагч гээд хэрэгтэй гэсэн хүн бүрийг ил, далд лоббидож, бас дарамталдаг. Тиймээс ч төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт бүрийн өмнө тууз хайчлахдаа баатар аятай бардам зогсдог байж мэднэ, тэд. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн атлаа УИХ-ын гишүүд, улстөрчдөөр овоглодог зам, гүүр, сургууль, усан сан гэх мэт бүхий л бүтээн байгуулалтын жагсаалт ингэж хөвөрдөг. Энэ нь бүх шатанд халдварласан гэлтэй. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга барих ажлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат санаачилсан хэмээн зурагт самбар өлгөчихөж.
Уг нь Тоорцог толгойд гүүр барих санаачилгыг Б.Бейсен биш, Засгийн газар нь нэгдсэн бодлогоороо, хаана, юу хэрэгтэй байгааг нь эрэмбэлэн, УИХ-д уламжлах учиртай. Харин манайд энэ дараалал хэдийн алдагдаж, хөгжлийн хурд нь ч уруудаж, учир, холбогдолгүй болчихсон. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, гал унтраах байдлаар аргацааж ирлээ. Алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг жил бүр их засварт оруулж байхаар нийслэлд нэг сургууль нэмээд барьчих боломж, хөрөнгө алдагдаж байх жишээтэй. Улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлогогүй, жалга дов тойрсон улстөржилтөөс салж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тус газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжав “Тухайн орон нутагт юу шаардлагатай, хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлохдоо шаардлага хангадаггүй. Тиймээс УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад төсөл, арга хэмжээнүүдийг гэнэтийн байдлаар тусгуулж байна. Тухайлбал, 2022 оны төсвийн хэлэлцүүлгийн шатанд байсан 664 төсөл, арга хэмжээнээс 104 нь Засгийн газрын өргөн барьснаас өөр буюу УИХ-ын гишүүдийн саналаар нэмэгдсэн” хэмээн онцолсныг тэмдэглэе.
Ирэх онд УИХ-ын ээлжит сонгуультай. Засгийн газар, эрх баригч намынхан бүгдээрээ татвар төлөгчдийн мөнгөөр сонгуульдаа бэлдэж байна. Өнгөрсөн жилийн өдийд 2023 оны төсвийн төслийг боловсруулж, батлах үеэс л энэ ажлаа эхлүүлсэн. Өдгөө Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд нараа, сонгогдсон гишүүдийг нь, тухайн тойрогт өрсөлдөхөөр горилогчидтой хамт дагуулан орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалттай танилцах нэрээр өөрсдийгөө сурталчилж явна. Гэвч үүнийг хуулиар хориглоогүй учраас хий дэмий шүүмжлэхээс хэтрэхгүй нь.
Мөн тэд одоо сонгуулийн жилийн төсөв боловсруулж буй. Засгийн газрын тэргүүний аймгуудад хийж байгаа албан томилолтын нэг зорилго ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, 2024 оны улсын төсвийн талаарх иргэдийн саналыг сонсож, ач холбогдлоор нь эрэмбэлэн тусгах юм гэсэн. Сангийн сайд Б.Жавхлан ирэх жилийн төсвийг үр ашигтай зарцуулахаар баталж, сахилга баттай, нээлттэй, хяналттай, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой байлгана хэмээн мэдэгдэж байгаа ч бодитой хэрэгжүүлэх нь юу л бол. МАН-ын амлалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил учраас айсуй сонгуулийг бодолцон ач холбогдол өгөх нь ойлгомжтой. “Хөнжлийнхөө хэр хэмжээ”-гээр хөрөнгө оруулалтаа батлахгүй, баахан бүтээн байгуулалт хийхээр жагсаана. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ч нэмэгдүүлэхээр батлах биз. Ирэх хавраас, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ярих гол зүйл нь учраас тэр шүү дээ.
Улстөрчид хувиасаа сохор зоос ч гаргаагүй атлаа хийсэн, бүтээсэн болгоныг биедээ наах гэж улайрдаг нь хэвээрээ. Харин ч бүр газар авч, тууз хайчлахаас халин, хөшөө чулуунд өөрсдийгөө мөнхөлдөг болох нь. Үүнийг хуулиар хориглоё. Улсын төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажилд УИХ-ын гишүүд, сайд, улс төрд хөл тавихаар горилогчдын сүүдэр бүү тусаг.