Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг өнгөрсөн зургадугаар сард шинэчлэн баталсан. Ингэхдээ хуш модны самар түүж эхлэх хугацааг 30 хоногоор хойшлуулж, аравдугаар сарын 20 болгосон юм. Өмнөх журмаар бол самрыг есдүгээр сарын 20-ноос түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг байв. Харин энэ оноос ургацын төлөв байдлаас хамааран аравдугаар сарын 20-ноос дараа жилийн хоёрдугаар сарын 1-ний хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу бэлтгүүлэхээр журамласан. Үндсэндээ самар түүх хугацаа эхлэх яагаа ч үгүй гэсэн үг. Бараг хоёр сар орчмын хугацаа дутуу байна. Гэвч самарчид энэ хугацааг хүлээж тэвдэлгүй хэдийн ажилдаа гарчээ.
Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор хушны самрыг зохистой ашиглах, хамгаалах чиглэлд урьд урьдынхаас илүү анхаарч эхэлсэн. Ойн дагалт баялаг ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаж, хууль, журмын хүрээнд, технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, эсэхийг нь үнэлж буй. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан “Хушин ойн өнөөгийн төлөв байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулахаар холбогдох газрууд хамтран ажиллаж байна. Тэрчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хушин ойд учирсан хохирлыг тооцох аргачлалын төслийг боловсруулаад буй аж. Хушин ойн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, физиологийн онцлогийг нь үнэлэх чиглэлийн судалгааг ч орон нутагт эхлүүлжээ. Тэр ч бүү хэл, самар түүх, ургац, нөөцийн хэмжээг тогтоох аргачлал боловсруулахаар ажиллаж байгаа юм билээ. Үндсэндээ бодлого, шийдвэр гаргах түвшний байгууллагууд энэ асуудалд нэлээд ул суурьтай хандах гэж хичээж буй нь эндээс харагдана. Гэтэл тэднийг ийнхүү дээгүүрээ ярьж, хэлэлцэж, судалж байх зуур иргэд болц нь гүйцээгүй самар түүж, хушин ойд аюул учруулсаар байна. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богдхан уулын Манзуширын ам руу самар түүхээр явсан нэгэн иргэн золгүй байдлаар амиа алдсан явдал ч хэд хоногийн өмнө гарлаа.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэчнээн хэмжээний самар бэлтгүүлэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох газруудаас ирүүлсэн судалгаа, мэдээлэлд үндэслэн тогтоодог юм. Самар түүх хугацааг хойшлуулсантай холбоотойгоор энэ ажлыг өнөө жил нэлээд аажуу хийсэн бололтой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Үер, усны нөхцөл байдлаас болоод зарим бүсэд судалгаа, тооллого хийхэд саад учирсан. Одоо тэдгээр газарт нарийвчилсан судалгаа хийж байна. Манай байгууллага орон нутгийн ойн ангиудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгээд өнөө маргаашгүй БОАЖ-ын сайдад хүргүүлнэ. Үүний дараа сайд хаанаас, хэчнээн хэмжээний самар түүж, бэлтгүүлэхийг шийдэх юм. Одоогийн дүн, мэдээллээс харахад судалгаа хийсэн газруудын ихэнхэд нь самрын нөөц дунд зэрэг байна” гэв. Үндсэндээ самрын квот тогтооход шаардлагатай судалгаа, мэдээллийг холбогдох байгууллагууд хэдийн гаргачих аж. Яамныхан үүнтэй холбоотой албан ёсны мэдээлэл, чиг баримжааг удахгүй өгөх бололтой. Харин албан бус мэдээгээр бол өнөө жилийн ургац базаахгүй шинжтэй.
Орон нутаг дахь ойн ангиуд, хамгаалалтын захиргааныхны мэдээлснээр энэ жил самрын ургац тун тааруу байгаа гэнэ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Даянт, Жинст, Ар элгэн, Өмнөдэлгэрийн Баянбуурал, Буян-Ундрахын ян, Цагаан тэмээтийн, Зүлэгтийн гол гэсэн хэд хэдэн байршилд ургацын судалгаа хийхэд маш бага үзүүлэлттэй гарчээ. Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг их хэмжээний хушин ойтой, самрын өлгий болсон газруудад энэ төрлийн тооллого, судалгаа хийхэд мөн л базаахгүй дүн гарч. Зарим судлаач “Бага ургацын жил тохиож байна” хэмээн анхааруулсан нь үнэний ортой байж ч болзошгүй нь. Орон нутгийн иргэд ч ингэж ярьж байна. Хүдэр сумын иргэн Б.Гантогтох “Манай сумын нутаг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Самар, жимсний арвин нөөцтэй. Өнөө жил жимс ч бага ургалаа, самар ч тааруу гарч. Машин техникээр явах аргагүй, хүний хөлөөс хол газруудад л арай гайгүй гэнэ. Хушны самар, гүзээлзгэнэ жил өнжиж их хэмжээгээр ургадаг гэж хүмүүс ярьдаг. Миний ажигласнаар сүүлийн жилүүдэд самар мэдэгдэхүйц бага ургах болсон” гэсэн юм.
Хэрэв самрын ургац үнэхээр багассан бол БОАЖЯ-ныхан квот тогтоохдоо ул суурьтай хандах шаардлага тулгарлаа. Ор тас хориглодоггүй юм гэхэд тусгай хамгаалалттай болон самарчдын хөлд сүйдсэн газруудаа өнжөөх хэрэгтэй. Ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд хушин ойг зарим жил “амраах” нь зүйтэй гэсэн саналыг цөөнгүй гаргадаг ч үе үеийн сайд нар үүнийг тушаал, шийдвэрээрээ үгүйсгэх нь олон. Үр дүнд нь “Хуш моддын 70 хувь нь мунадуулж гэмтсэн” гэсэн халаглам тооцоо гарав. “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунмаа БОАЖЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан орон нутагт ажилласныхаа дараа өнгөрсөн оны сүүлчээр ийнхүү мэдээлж байв. Тиймээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгүүлэх нөөцийн хэмжээг экосистемийн даац, тухайн бүс нутаг дахь ойн сэргэн ургах чадвартай уялдуулан тогтооход анхаарах шаардлагатай болж байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 25.9 сая кг самар бэлтгэх зөвшөөрөл олгосон ч аймаг, сум болгон төлөвлөгөөнөөсөө хэтэрсэн хэмжээгээр түүсэн нь холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон. Ерөөсөө самарчид жил болгон л ингэж дураараа дургидаг. Түүх хугацаа нь болоогүй байхад ууланд гарч, отоглодог. Тогтоосон хэмжээнээс нь үргэлж илүүг түүдэг. Уг нь журмаараа бол ахуйн зориулалтаар самар түүх нэг удаагийн дээд хэмжээ нь 50 кг. Мөн ан амьтдын идэш тэжээлийн нөөц, ойн сэргэн ургах чадварыг харгалзан модны титэм дээрх боргоцойн 50-60 хувийг үлдээнэ хэмээн журамд тусгасан байдаг. Бага ургацтай жилд аливаа зориулалтаар ашиглахгүй байх, дунд зэрэг үед зөвхөн ахуйн, их бол бүх зориулалтаар түүж, бэлтгэхийг зөвшөөрөх зохицуулалттай. Даанч хууль, журамд туссан эдгээр заалт, зохицуулалт ер хэрэгждэггүйгээс манай орны хушин ойн доройтол жилээс жилд нэмэгдсээр. Энэ нь ч самрын нөөцөд нөлөөлөх боллоо.
Хушин ойгоо хамгаалъя гэвэл ашиглах, хамгаалах үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах нь чухал. Ялангуяа хамгийн эмзэг үедээ байгаа энэ үед (самрын болц гүйцээгүй) нь онцгой анхаарах хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ойн нөөцийг хамгаалах зорилгоор эргүүл, хяналт шалгалт тогтмол хийж буй ч нэг байгаль хамгаалагчид ногддог хэдэн мянган га талбайнхаа хаана нь ч хүрч ажиллаж чадахгүй байна. Тиймээс л самар түүж эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад иргэд ууланд төөрсөн, харамсалтайгаар амиа алдсан мэдээ үе үе дуулдах боллоо. Хушин ой сүйдэхэд, самрын нөөц дундрахад хулгайн самарчид хамгийн их нөлөөтэй.
Бэлтгэсэн: Н.Мишээл