Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт байрлах “Цагаан нуур”, “Холбоо” хоёр нуурын хойд нуур нь ширгэжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “Төгрөг”-ийн голын усны түвшин багассанаас, мөн Манхан сумын Баянгол багийн 10-аад өрх тариа, ногоо, хадлангийн талбай руу суваг шуудуу татсантай холбоотой гэж мэргэжилтнүүдийн тайлбарлаж байна.
2019 оноос хойш хөндөгдөж буй энэ асуудлаар Манхан, Зэрэг сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд удаа дараа уулзаж, газар дээр нь очиж ажилладаг ч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг долдугаар сарын 24-ний өдрөөс хойш хамтарсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг дээрх хоёр сумын болон багийн Засаг дарга нарыг байлцуулан газар дээр нь ажиллаж, энэ үеэр нуурыг тэжээгч голын усны түвшнийг нэмэгдүүлж сэргээх ямар боломж байгаа талаар ярилцлаа.
Үүнд:
- Холбогдох зардлыг нь гаргаж зарим шуудууг хааж усны алдагдлыг багасгах,
- “Төгрөг”-ийн голоос суваг татаж газар тариалан эрхэлж буй иргэд шаардлагатай үед усаа авч бусад үед хаах,
- Нэг хүний эрх ашгийг бус нийтийн цаашлаад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж ажиллах,
- Цаашид усыг хуваарьтай, зөв зүйтэй ашиглахад “ТОЛГОЙН БАРИЛГА” барих нь чухал учраас Манхан, Манхан сумын Зэрэг гол баг болон Зэрэг сум, Зэрэг сумын Гүвээ багийн удирдлагууд хамтран төсөв, тооцоо судалгаа гарган танилцуулахаар боллоо.