Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар Туул голын эрэг дагуу барилга барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэн, өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр голын эрэг дагуу барилга барих зөвшөөрөл олгосон хотын дарга нарын буруу шийдвэрээс болж нийслэл үер усны аюулд өртсөнийг хэллээ. Мөн цаашид энэ мэтээр газар олговол иргэдийн ундны ус бохирдож болзошгүйг сануулсан юм. Туул голын эрэг дагуух газарт барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль зөрчсөн гэдгийг тэрбээр Усны газрын болон ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын дүгнэлтэд үндэслэн тайлбарлав. Харамсалтай нь, барилгын тусгай зөвшөөрөл олгодог 20 гаруй байгууллагын дарга нар Усны газраас гаргасан дүгнэлтийг уландаа гишгэж, ШУА-ийн судлаачдын үгийг сонсоогүйн ард ашиг сонирхлын зөрчил байж магадгүй хэмээн хардаж буйгаа хэлсэн юм.
“Хэрэв УИХ-аас баталсан хууль тогтоомж, дүрэм журам хамаагүй юм бол Туул голын эрэг дагуух бүх хамгаалалтаа татан буулга. Бороо ороод үер болсны дараа хотын удирдлагууд асуудлыг шийдэх гэсэн дүр эсгэдгээ болих хэрэгтэй. Хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сарын 1-нд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болоод Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгатай уулзаж, Дунд, Туул голын дагуух газарт барилга барих зөвшөөрөл битгий өгөөч гэсэн 10 000 хүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Тиймээс одоо энэ шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлнэ” гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт барьсан “Aqua garden” буюу “Авлига хороолол”-ын барилгыг буулгах бус, тэнд барилга барих зөвшөөрөл өгсөн бүх даргад хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Бэлтгэсэн: Б.Оргил