Энэ сарын 5-нд нийслэлд ур уйн үер буусны улмаас 356 айл усанд автсан билээ. Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зайлшгүй нүүлгэн шилжүүлэх ёстойг уг үйл явдал харуулсан. Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж буйгаа өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айл байжээ.
Үүнээс 2165 нь газрын зөвшөөрөлтэй, харин үлдсэн 735 нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр буусан айл гэнэ. Тэдгээрээс одоогоор 99 айлыг нүүлгэн, эрсдэлгүй газарт буулгаад буй аж. Үлдсэн айлуудыг ч ойрын хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр 29 байршилд 427 га талбай бэлдсэн гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг хэлэв. Түүнчлэн Сэлбэ, Дунд голын дагуу үерийн эрсдэлтэй бүсийг тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн бөгөөд энэ талаарх саналаа удахгүй нийслэлийн ИТХ-д өргөн барихаа мэдээллээ. Нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин урсдаг Сэлбэ, Дундголын хамгаалалтын бүсэд 1887 нэгж талбар буюу барилга байгууламж, айл өрх бий гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч