Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа богино болон дунд хугацааны ажлуудын талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байгаагаас 64 хувь нь хувийн автомашины, 24 хувь нь автобусны, үлдсэн хувь нь явганаар болон дугуйгаар зорчиж байна гэсэн тооцоолол гарсан. Хувийн автомашин унаж байгаа иргэдийн 44 хувь нь ажилдаа ирж очиход, 25 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж авахад, 17 хувь нь амралт, чөлөөгөөрөө, 14 хувь нь бусад гэсэн зориулалтаар унадаг гэсэн статистик гарсан байна. Тиймээс хувийн автомашин унахыг дэмжихгүй, үүний оронд хувийн автомашин болон автобусаар зорчиж байгаа зорчилтыг тэнцүүлэх шаардлага үүссээн гэдгийг дурьдлаа. ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар, түгжрэлийн тааз ачаалахаар гарсан ч одоогийн байдлаар тэрхүү түвшинд хүрчээ. Мөн зорчилт хөдөлгөөнийг сайжруулах хүрээнд хашаа хайс буулгах, дундын болон эцсийн зогсоолуудыг бий болгох, авто замын сүлжээг өргөтгөх, үүндээ холбоос замыг бий болгох асуудлыг хөндлөө.
“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын эхний 10 жилийн зорилтод хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлээс салах явдал юм гэж тодорхойлсон. Дараагийн шатанд тогтвортой хөгжлийн асуудал яригдана. Улаанбаатар хотод урт хугацаанд бий болсон асуудлуудыг шийдэхэд түгжрэлийн эсрэг бодлого, үйл ажиллагааны гол чиглэл бол нийтийн тээврийн шинэчлэл гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар, 1240 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаагийн 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. 14 жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй асуудлыг цэгцэлж, хоёр удаагийн парк шинэчлэлийг хийжээ. Одоогийн байдлаар автозамын нэгдүгээр эгнээг өргөтгөж, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөнд хэрэгжүүлэх юм байна.