Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах үүднээс наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах хотын даргын захирамж гарсан. Захирамжид:
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.
Дээрх хязгаарлалтад жуулчин тээврийн үйлчилгээ хамаарахгүй бөгөөд дугаарын тэгш, сондгой хамааралгүй чөлөөтэй зорчих юм байна. Мөн
- Авто зам засвар, хот тохижилт
- Шугам сүлжээ
- Зөөврийн ус хангамж
- Дипломат байгууллагын автомашин
- Зочид төлөөлөгчдийн цуваа
- Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
- Стандартын шаардлага хангасан такси
- Сургууль цэцэрлэгийн хүүхдийн автобус
- Ажилчдын автобус
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
- Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт үйлчлэхгүй.