Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг цахимаар, нэг цонхоор үзүүлэх боломж бий болгох зорилгоор “Smartcar” төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар “Аствишн” ХХК-ийг сонгон шалгаруулсан байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх, нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням нар өчигдөр мэдээлж, талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Smartcar” төслийг өмнө нь нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар 2016 оноос эхлэн хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийн татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл харах зэрэг үйлчилгээг цахимаар илүү хялбар, түргэн шуурхай хүргэх болсон юм. Тэгвэл Засгийн газраас баталсан Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340 дүгээр тогтоолд төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр болж, үүний дагуу уг төслийг “Аствишн” ХХК үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон аж. Тус компани цаашид төслийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж, уламжлалт бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр загварчлан хөгжүүлж, системийн найдвартай ажиллагааг хангах нь. Тэд тээврийн хэрэгслийн түүх, бүртгэл, ачилтын мэдээлэл харах зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох гэнэ. Мөн эхний ээлжид 300 сая төгрөгийн хөрөнгө оруулах бөгөөд дээрх төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээ мэдээлсэн.
“Аствишн” ХХК нь мэдээллийн технологийн салбарт программ хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй аж. Тус компани нь 1111 төв, ТҮЦ машин, my.tog.mn, аgaar.mn, gaali. mn цахим хуудас, “Smartсar”, “E-Mongolia” систем зэрэг төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай юм байна.
Бэлтгэсэн: Б.Оргил