Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй билээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багцынх 94.13, уг давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багцынх 74.75, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багцынх 94.39, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багцынх 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багцынх 90.9 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 295 хүн 129 машин механизм, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) санхүүжилтээр тавьж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажлын явц 62.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Тодруулбал, нэгдүгээр багц ажлынх нь 77.22, хоёрдугаарх нь 57.15, гуравдугаарх нь 57.34, дөрөвдүгээрх нь 54.82, тавдугаар багцынх нь 64.75 хувийн гүйцэтгэлтэй, 509 хүн 245 техник, машин механизмтай ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.