Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар, “Ци Шинь” сан, “Хязгааргүй байгаль” төрийн бус байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт мод усалгааны эко 300 хувин хандивлалаа. Тус төлөөлөгчийн газрынхан мод тарих үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улсын ойн байгууллагынханд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд1000 орчим эко хувин өгчээ.
“Ци Шинь” сан нь Тайванийн “Рэнжоу” хэмээх компанитай хамтран энэ төрлийн хувин үйлдвэрлэдэг юм байна. Энэ нь дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан хийсэн гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн аж. Эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус, чийгээр бүрэн хангах боломжтой бөгөөд үйлдвэрлэгч орныхон хуурай, хөрсний доройтолтой бүс нутгуудад ургамал тарихдаа үүнийг түлхүү ашигладаг гэнэ.