Дэлхийн оршин суугчдын балгаар далай, тэнгисийн уудамд хуванцар хог хаягдал хүрээгүй газар бараг үгүй болжээ. Олонулсэкологийн асуудалд санаа зовж, төрөл бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Жишээ нь, 2021 оны долдугаар сараас Европын Холбоо нэг удаагийн хуванцар сав, баглаа боодол хэрэглэхийг хориглосон юм. Гэсэн хэдий ч нөхцөл байдал аль хэдийн хурцдаж, харанга дэлдсээр. Далай дахь хог хаягдлыг цэвэрлэх нь нэн шаардлагатай боловч зарим тохиолдолд эргээд аюул дагуулах нигууртай аж. Тухайлбал, Номхон далайн хүрэхэд хэцүү газар буюу алслагдсан хэсгүүдэд хуримтлагдсан хуванцрын хог хаягдлыг цэвэрлэх нь тухайн бүсийн эмзэг экосистемийг гэмтээх эрсдэлтэй талаар олон улсын судалгааны багийнхан анхааруулж байна. Хог хаягдал нь олон амьд биет, организмын орогнох орчин болдог. Тэдгээрийн дийлэнх нь хөнөөлтэй бөгөөд Номхон далайн алслагдсан хэсгүүдэд цэвэрлэгээ хийснээр хуванцрын хаягдлуудаас ялгарах элдэв нян, бактери, вирус усанд тархаж илүү гамшиг дагуулна гэдэгт санаа зовниж буй юм. Түүнчлэн шинжлэх ухаанд plastisphere буюу хуванцар бөмбөрцөг гэсэн нэршил ч бий болсон. Далай дахь хуванцар хог хаягдлын гадаргуу дээрх бичил биетүүдээс үүссэн шинэ экосистемийг Нидерландын Хатан хааны тэнгисийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Линда Амарал-Зеттлер 2013 онд ийнхүү томьёолсон аж.
ХУВАНЦРЫН “КОЛОНИЧЛОЛ”
1990-ээд оны эхээр Номхон далайн хойд хэсэгт гол төлөв хуванцар сав болон ахуйн эд зүйлс, гялгар уут зэрэг их хэмжээний хог хаягдлыг анх илрүүлжээ. Үүнийг Номхон далайн хог хаягдлын нүх, мөн хогон эргүүлэг (Eastern garbage patch, Pacific trash vortex) хэмээн шинжлэх ухааны лавлах товчоонд бүртгэлжүүлсэн байдаг. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Номхон далайн хойд хэсгийн усны урсгалаар туугдан тус бүс нутгийн баруун уртрагийн 135-155, хойд өргөргийн 35-42 дахь градусын хооронд “их нүүдэл” хуримтлагдсан юм. Түүх сөхвөл, 1985-1988 онд АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргааны хэвлэлд ийм хог хаягдал бий болно гэж таамаглан бичиж байжээ. Судлаач Чарльз Мур энэ тухай хэд хэдэн өгүүллээ нийтлүүлсэн нь шинжлэх ухааны нийгэмлэгүүд болон олон нийтийн анхааралд хүрэв. Чарльз Мурын “Зүүн хогон тив” хэмээн тодотгосон, далай дахь хуванцар хаягдлын хуримтлал ойролцоогоор 1.6 сая ам км талбай эзэлж буй. Энэ нь Номхон далайн нийт талбайн 0.82 хүртэлх хувьтай тэнцүү. “Хогон тив” нь хоёр хэсгээс бүрддэг гэж үздэг. Чарльз Мурын тэмдэглэснээр бол хог хаягдлын 80 хувь нь хуурай газрын “зочин”. Тэгвэл 20 хувь нь далайд аялагч усан онгоцнуудаас хаягддаг аж. Хуванцруудын 90 хувь нь Азийн Янцы, Индус, Хуан Хэ, Амар, Меконг, Ганга, Жужиан, Хайхэ, Африкийн Нигер, Нил мөрөн гэсэн 10 голоор дамжин далайд “нийлүүлэгддэг”.
Биологийн задралын хог хаягдлаас ялгаатай нь хуванцар бол зөвхөн гэрлийн нөлөөгөөр асар жижиг хэсгүүдэд задардаг бөгөөд полимер бүтцийг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, молекулын түвшинд хүртэл явагддаг задрал гэсэн үг. Энэ бол аюул. Ийнхүү задарсан жижиг хэсгүүд далайн гадаргын давхаргад төвлөрнө. Далайн ургамал, амьтан үүнийг планктон буюу жижиг организмууд (бактериопланктон, зарим замаг (фитопланктон), эгэл биетэн, нялцгай биет, хавч, загасны түрс, сээр нуруугүй амьтдын авгалдай буюу зоопланктон зэрэг)-тай андууран иддэг.
ЦЭВЭРЛЭГЭЭ
Номхон далайн “оффшор” буюу алслагдсан бүсэд нэвтрэхэд хэцүү ч олон улсын төслүүдийн үр дүнд сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарал хандуулах болжээ. Гэхдээ цэвэрлэгээ хийхээр яаравчлахгүй байхыг судлаач, эрдэмтэд санууллаа. Далайн ашигтай организмуудыг хог хаягдлын хамт устгахаас сэргийлж буй хэрэг. Тэдгээр хог хаягдал өвөрмөц экосистем бий болгосныг сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь далайн янз бүрийн зүйлийг сүйтгэж эхэлсэн гэнэ. Түүнчлэн эсрэгээрээ зарим төрөл, зүйлийн хувьд амьдрах шинэ орчин болсон байна.
2018-2019 онд эрдэмтэд “The оcean сleanup” төслийн багийнхны тусламжтайгаар “хогийн цэгээс” 100 орчим хуванцар эд зүйл цуглуулжээ. Тэдгээр дээжийг судлахад олон арван бичил биет болон хавч хэлбэрт, нялцгай биет, книдар зэрэг амьтан хүмүүсийн “бэлэглэсэн сууц”-д төвхнөснийг илрүүллээ. Эдгээрийн 80 хувь нь далайн эргийн төрөл, зүйл байв. АНУ-ын Смитсоны хүрээлэн буй орчны судалгааны төвийн мэргэжилтэн Линси Харам “Харьцангуй цөөхөн дээж судлахад далайн олон төрөл, зүйл илэрсэн нь биднийг гайхшируулсан” гэжээ. Энэ нь задгай далайн олон төрөл, зүйл “хогийн цэгт” амжилттай нутагшиж байна гэсэн үг. Тэгэхээр далайн хог хаягдлыг цэвэрлэх нь үндсэн оршин суугчдыг нь ч үгүй хийх заналхийлэл, урьдчилан таамаглах боломжгүй үр дагавар учруулна гэдэгт эрдэмтэд санаа зовж байгаа юм. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж, олон талт судалгааг улам өргөжүүлэх нь чухал. “PLOS biology” сэтгүүлд нийтэлсэн АНУ-ын Жоржтауны их сургуулийн эрдэмтэн Ребекка Хелм тэргүүтэй судлаачдын өгүүлэлд “Далайгаас хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа нь тэнд оршин байгаа бусад амьтанд шаардлагатай анхны амьдрах орчныг эвдэж болзошгүй” гэсэн байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2050 он гэхэд дэлхий дээрх хуванцар хог хаягдлын хэмжээ 25 тэрбум тонн болно. Энэ хэрээр далай, тэнгист ч хур хог үүссээр байна. 2023 оны гуравдугаар сард мэдээлснээр 171 их наяд нано хуванцар далайд хөвж буй аж.
Далайн хог хаягдлыг цэвэрлэхэд механик аргаас илүүтэй молекулын түвшний технологи шаардлагатай. Молекулын арга ашиглан усны бичил биетийн экологийн судалгаа дагнан хийдэг доктор Линда Амарал-Зеттлер “Хогон тив”-ийн бактерийг ашигтай болон эмгэг төрүүлэгч гэж хоёр төрөлд хуваадаг. Эхнийх нь хуванцрыг задлах чадвартай, хоёр дахь нь аюултай вирус үүсгэдэг. Ирээдүйд эрдэмтэд хуванцар задлах нянгийн чадварыг далайн хог хаягдалтай тэмцэхэд ашиглана гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.
Бэлтгэсэн: Э.Хана