Нийслэлд жил бүр дунджаар 70 000 орчим оюутан ирж суралцдаг гэсэн албан бус тооцоо бий. Оюутны байрны хүртээмж муу, орон сууц түрээсэлж амьдардаг өрхийн тоо цөөнгүй учраас ялангуяа хичээлийн шинэ жил, өвлийн улирал эхлэхтэй холбоотойгоор түрээсийн байрны эрэлт 8-10 дугаар сард өсдөг. Тэгвэл энэ жил түрээсийн болон нийтийн орон сууц, хажуу өрөөний ханш ямар байгаа болон зарим түрээслүүлэгч, түрээслэгчийн сэтгэгдлийг сонирхлоо.
Баянгол дүүргийн иргэн Г.Мөнхжин “Эхнэр бид хоёр орон сууц түрээсэлж амьдраад зургаан жил болсон. Одоогоос таван жилийн өмнө III, IV хорооллын, угсармал орон сууцын гал тогоо нь тусдаа нэг өрөөг сард 400 000 төгрөгөөр л түрээсэлж байв. Төлбөрөө гурав хүртэлх сараар өгч болдог, уян хатан нөхцөлтэй байлаа. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар гал тогоо нь тусдаа нэг өрөө орон сууцын сарын түрээс 1.2 сая төгрөг гэсэн. Төлбөрөө гурван сараар авахын зэрэгцээ барьцаа болгож нэг сарын хөлс буюу нийт 4.8 сая төгрөг төлнө гэсэн үг. Манай өрхийн нэг сарын орлого 2.5 орчим сая төгрөг. Үүний 50 хувийг зөвхөн орон сууцын түрээсэнд зарцуулах нь” хэмээн ярилаа. Түрээслүүлэх орон сууцуудаас 1-2 өрөө, хотын төвд байрлалтай нь хамгийн эрэлттэй. Ийм байруудын нэг сарын төлбөр тавилгатай, эсэхээс шалтгаалж харилцан адилгүй ханштай бөгөөд нэг өрөө орон сууц нь голдуу 800 000-1 900 000 төгрөгийн үнэтэй байна. 800 000 төгрөгт хотын зах руу буюу Нисэх, Яармаг болон Сонгинохайрхан дүүрэгт байршилтайг сонгох бол 1.5-1.9 саяд төвийн бүсэд түрээсэлж болно. Төлбөрийг нь ихэвчлэн гурван сараас дээш хугацаагаар авахаас гадна эд хөрөнгө сүйтгэн, эвдрэл гэмтэл учруулж болзошгүй хэмээн болгоомжилж 500 000-аас нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгө барьцаалах юм байна. Түүнчлэн хоёр өрөө орон сууцад нэг сар амьдрах түрээсийн төлбөр 1.2-4.5 сая төгрөг байгаа аж. Ихэнх нь тавилгатай, мэдээж хотын төвд сургууль, цэцэрлэг, автобусны буудалтай ойролцоо бол үнэтэй, бусад нь арай хямд гэсэн үг.
3-4 өрөө орон сууц түрээслүүлэх зарлал 1-2 өрөөтэй харьцуулахад олон байв. Эрэлт нь ч төдийлөн их биш бололтой. Ийм орон сууцыг ихэвчлэн бүрэн тавилгатайгаар, удаан хугацаагаар түрээслүүлэх сонирхолтой бөгөөд үнэ нь өндөр юм. Тодруулбал, 1.5-7.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Сард дөрвөн саяас дээш төгрөгөөр түрээслүүлэх орон сууцыг голдуу гадаадын иргэнд хөлслүүлэх ба шинээр баригдсан, бүрэн тавилгатай, ашиглалтын зардал багтсан хэмээн эзэд нь тайлбарлав. Тэгэхээр нэг өрөө хамгийн хямд орон сууцын түрээсийн төлбөр сарын 800 000 төгрөг байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бараг 50 хувиар өндөр дүн юм. Түүнчлэн 3-4 өрөө орон сууцыг сард 5.5 саяар хөлслөн суухад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлнө гэсэн үг.
Түрээсийн байрны үнэ өндөр байгаатай холбоотойгоор оюутнууд, ганц бие залуус айлын хажуу өрөө түрээслэх нь элбэг. Хажуу өрөөний үнэ сарын 300 мянган төгрөгөөс эхэлж буй бөгөөд хотын төвд байрлалтай бол 400 000-600 000 байгаа юм. Угаалгын өрөө, угаалгын машин, гал тогоог дундаа хэрэглэж, зарим тохиолдолд цахилгаан, интернэтийн төлбөрийн тодорхой хувийг нэмж төлөх нь бий. Хажуу өрөө түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдож тодрууллаа. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 10 дугаар байранд тагттай, 18 ам метр тасалгааг түрээслүүлэх аж. Түрээслүүлэгч “Манайх гал тогооноос тусдаа гурван өрөөгөө нэг нэгээр нь түрээслүүлнэ. Нэг өрөөнийх нь төлбөр 500 000-600 000 төгрөг, 1-2 хүн амьдарч болно. Түрээслэгчид интернэт, цахилгаан, дулаан, СӨХ-ны мөнгийг мөн хувааж төлнө. Ашиглалтын зардал нь өвлийн улиралд 200 000, зун бол 100 000 орчим төгрөг. Харуул хамгаалалттай, камертай цэвэрхэн орон сууц” гэлээ. Байрныхаа түрээсийн төлбөрийг юунд үндэслэн тооцож буйг нь лавлахад “Энэ хавьд түрээслүүлж буй орон сууцуудын ханшийг судалсан. Ерөнхийдөө гурван өрөө нь 1.5 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. Өрөө тус бүрээр нь хуваагаад түрээслүүлэх нь манайд ч, ганц нэгээрээ амьдардаг хүмүүст ч ашигтай” гэлээ.
Гэр хороололд нийтийн байранд амьдрах нь зардал арай багатай. Нэг давхартаа 4-6 айл амьдрах боломжтой, ариун цэврийн өрөө нь дундын, 20-30 ам метр нийтийн байрны сарын түрээс 160-300 мянган төгрөгийн хооронд байна. Харин дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй, том хэмжээтэй тасалгаанд амьдарвал 400 000- 500 000 төгрөгийн ханштай. Түрээсийг ихэвчлэн гурван сараар нь авах гэнэ. Түүнчлэн зарим орон сууцын зоорийн давхрыг тохижуулж түрээслүүдэг юм байна. Ийм өрөөнд амьдрахад тохижилт, талбайн хэмжээнээсээ шалтгаалж 100- 250 мянган төгрөгийн төлбөртэй. Нэг хүн амьдрах зориулалттай жижиг өрөөтэй, дундаа нэг ариун цэврийн өрөөтэй бол түрээс нь 100 мянган төгрөг болж хямдарна. Үүнээс гадна охидод зориулсан дотуур байр олон бий. Ихэвчлэн хоёр давхар ор, хувцасны шүүгээ, гал тогооны тавилгатай нэг өрөөнд 3-5-уул амьдарч болдог. Байршил, тохижилтоосоо шалтгаалан нэг хүн сард 250- 350 мянган төгрөг төлнө. Интернэт, цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын төлбөр нь байрны үнэд багтжээ. Товчхондоо, өнгөрсөн жилийн энэ үеийнхээс орон сууцын түрээсийн төлбөр сарынх нь 30-40 хувь, 2021 оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ.
Орон сууц, нийтийн байр түрээслүүлэх нь нэг төрлийн бизнес болчихоод буй. Ийм бизнесийг үл хөдлөх хөрөнгө зуучийн агент, эсвэл хувь хүн эрхэлдэг. Зуучийн агентууд нь хувь хүний санал болгосон үнэ дээр үйлчилгээний төлбөрөө нэмж үнийг тогтоодог аж. Энэ талаар үл хөдлөх хөрөнгө зуучийн нэгэн агент “Хэрэв зуучаар орон сууцаа хөлслүүлбэл эзэд нь юунд ч санаа зовох шаардлагагүй. Өөрсдийн үнийг санал болгоход л хангалттай. Бид түрээслэх эзнийг олж, орон сууцыг үзүүлж, түрээсийн хугацаа дуусахаар нь эздэд нь эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгнө. Түрээслүүлэх орон сууцыг маш олон хүн сонирхдог бөгөөд тэр бүрт нь сонирхуулахад цаг зарцуулдаг. Мөн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулдаг бөгөөд нотариатын төлбөрийг ихэвчлэн түрээслүүлэгч төлж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн хувьд борлуулалтын орлогоороо компаниасаа цалинждаг. Цалингаасаа татвар төлдөг” гэлээ. Орон сууц түрээслэх, түрээслүүлэхэд нотариатад л төлбөр төлөхөөс өөр ямар нэг татвар төлдөггүй юм байна. Үүнийг зохицуулсан хуулийн заалт, журам ч алга. Татварын ерөнхий газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгө, лангуу зэргийг түрээслүүлэгчид татвар төлөх ёстой, эсэхийг тодруулахад “Иргэд хувь хүний орлогоо өөрсдөө мэдүүлж татвараа төлдөг. Түрээсийн болон бусад орлого олохдоо татвар төлж болох ч орон сууц, хажуу өрөөгөө түрээслүүлэгчид татвар төлөх нь цөөн. Мөн нийслэлд жилд хэдэн орон сууцыг ямар үнээр түрээслүүлж, хэрхэн орлого олж буй талаарх нэгдсэн мэдээлэл алга. Уг нь хувь хүний орлогын албан татвар төлж байвал үл хөдлөх хөрөнгө худалдан авах, оюутны сургалтын төлбөр төлөх зэрэгт буцаан олголт авдаг” хэмээв.
Иргэд түрээсийн орон сууцад сард дунджаар 1.5 сая төгрөг төлж амьдрах нь олонтоо. Энэ нь жилд 18, хоёр жилд 36 сая төгрөгт хүрч, 100 саяын өртөг бүхий ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлнэ. Гэтэл иргэд ийм хөрөнгийг хуримтлуулж чадахгүй, зээлийн шалгуур хангахгүйгээс орон сууцад орж чадахгүй хэвээр. Нөгөөтээгүүр, 2017-2022 онд жил бүр дунджаар 17 000 орон сууцыг ашиглалтад оруулсан бол 6900 айлд ипотекийн зээл олгосныг Барилга, хот байгуулалтын яамны мэдээллээс харж болно. Шинээр 10 айлын орон сууц ашиглалтад орууллаа гэхэд 3-4 нь л ипотекийн зээлд хамрагдсан байх жишээтэй буюу эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгаа юм. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлд түрээслээд өмчлөх, түрээслүүлэх орон сууцын хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлсэн. Одоогоор ийм орон сууцуудад 1000 орчим айл амьдарч байгааг НОСК-ын цахим хуудаснаас харж болно. Цаашид иргэдийн орлогод нийцсэн орон сууц ашиглалтад оруулж түрээслэх, эсвэл түрээслүүлээд өмчлүүлнэ гэж байсан чнэмж ашиглалтад оруулаагүй байна. Мөн ийм орон сууцад амьдрах шаардлагатай, сонирхолтой иргэдийн өргөдлийг хүлээн авахгүй, мэдээлэл өгөх боломжгүй хэмээн НОСК-аас дурдлаа.