Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын түгжрэл ихэснэ. Энэ жилийн тухайд замын түгжрэл өмнөх онуудынхаас нэлээд эрт буюу наймдугаар сар гарав уу, үгүй юү л эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүйтэй ярилцлаа. Тус төвийнхөн нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдалд олон улсад ашигладаг аргачлалын дагуу ажиглалт, дүн шинжилгээ хийж, хамгийн их ачаалалтай гудамж, замуудыг тодорхойлжээ. Үүнийхээ үндсэн дээр түгжрэлд нөлөөлдөг есөн цэг байгааг тогтоон, улмаар тэдгээрт хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулсан юм билээ.
-Улаанбаатар хотын замын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг цэгүүдийг тодорхойлохдоо ямар арга, аргачлал ашигласан бэ?
-Улаанбаатар хотод 156 гэрлэн дохио байдгаас 88-ыг нь ЗХУТ-өөс шууд удирдаж ажиллуулдаг. Хөдөлгөөнийг зохицуулдаг гэсэн үг. Олон удаа зохицуулж, гэрлэн дохио удирдсан газрууд хамгийн их түгжрэлтэй байдаг. Бид өнгөрсөн зургадугаар сарын үзүүлэлтэд тулгуурлан есөн цэгт хамгийн их ачаалалтайг тодорхойлсон юм. Тухайн үед сургууль, цэцэрлэгийн амралт эхэлчихсэн, ачаалал харьцангуй багасах боломжтой байсан шүү дээ. Гэтэл замын ачааллаас шалтгаалан гэрлэн дохиог өдөрт дунджаар 2936 удаа гараар удирдсан байна. Үүний 93.3 хувь буюу 2740 нь есөн цэгтэй хамааралтай юм. Тэдгээр нь ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн, “Home plaza”-гийн уулзвар, Үндэсний номын сангийн автобусны буудал, III, IV хороолол, Москвагийн болон Намъянжугийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу орчим юм. Үлдсэн 196 нь зам, тээврийн осол гарах гэх мэтийн бусад шалтгаанаас улбаатай байлаа.
-Тэдгээр цэгт түгжрэл үүсдэг гол шалтгаан нь юу байсан юм бол?
-Явган хүний болон тээврийн хэрэгслийн зам нэг түвшинд огтлолцдог, ойролцоох худалдааны төвүүдийн зогсоолын хүртээмж бага, уулзвар, гарцан дээр нь буцаж эргэх тохиолдол их байдгаас шалтгаалдаг. Мөн төмөр замын гарам нь авто замтай нэг түвшинд огтлолцдог, бас уулзварын зохион байгуулалт буруу буюу дахин инженерчлэл хийх шаардлагатай зэрэг нь замын ачааллыг ихэсгэхэд нөлөөлж байна. Түүнчлэн тэмдэглэлт баярын үе, цаг агаарын нөхцөл байдал буюу бороо, цас орсон нь ч нөлөөлдөг. Бас улирлаас хамааран өөрчлөгддөг. Тухайлбал, Дарь-Эхийн зам, Чингэлтэйн өргөн чөлөө буюу зуслангийн бүс рүү чиглэсэн замын ачаалал улирлын чанартай. Дулааны улирал эхлэнгүүт баасан, бямба гаргийн орой хойшоо чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Харин ням гаргийн орой юм уу, даваа гаргийн өглөө хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс энэ хэсэгт өөр холбоос замууд тавих шаардлагатай гэсэн саналыг бид гаргасан. Одоогоор зуслангийн бүс рүү чиглэсэн хоёрхон зам байгаа нь ачааллаа дийлдэггүй.
-Есөн цэгийн дотроос хамгийн их ачаалалтай нь аль вэ. Тухайн цэгт тулгарсан асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой юу?
-Өмнө дурдсанаар хөдөлгөөн зохион байгуулсан нийт тохиолдлын 21 хувь нь Энгельсийн гудамж буюу ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн баруун хойд уулзварт ногдсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Энэ уулзвар дахь гэрлэн дохиог өдөрт 610 удаа зохицуулсан байна. Хойд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн 54.4 хувь нь уг уулзвараар буцаж эргэдэг. Жишээ нь, Нарны гүүр давсан, “Алтай” хотхон, “Нарны хороолол”-оос гарч ирсэн оршин суугчид буцаж эргээд, хотын төв рүү явдаг. Үүнээс гадна хоёрдугаар эгнээнд явж байгаа жолооч нар нь давхар эргэдэг юм. Уг зам нь гурван эгнээтэй. Хоёр эгнээнийх нь жолооч нар зүүн гар тийш эргэх гээд зогсчихдог. Ингэхээр зөвхөн нэг эгнээнийх нь тээврийн хэрэгслүүд л чигээрээ явна шүү дээ. Ийм шалтгаанаас болоод хэдхэн минутын дотор Нарны гүүр, “Өгөөж”-ийн, Баруун дөрвөн замын уулзвар, цаашлаад зүүн тийш Энхтайваны өргөн чөлөө, хойшоо Их тойруу, Залуучуудын гудамжны замын ачаалал ихэсдэг. Үүнийг шийдэх гарц нь зүүн гар тал руу буцаж эргэх маршрутыг өөрөөр төлөвлөх юм. Эсвэл давхар түвшний зам, замын байгууламж шинээр барих шаардлагатай.
Ачаалал ихтэй бас нэг цэг нь Чингисийн өргөн чөлөө буюу Үндэсний төв номын сангийн автобусны буудал орчмын хэсэг. Энэ нь хөдөлгөөний зохицуулалтын 13.3 хувийг эзэлсэн. Уг хэсэгт явган зорчигчийн гарц болон тээврийн хэрэгслийн зам нэг түвшинд огтлолцдог. Тээврийн цагдаагийн алба хаагч нар тэнд үүрэг гүйцэтгээд, гэрлэн дохио асахаас илүү хугацаагаар машин явуулаад байхад л хөдөлгөөн саардаггүй. Энэхүү хэсгийн хойд талд нь хотын төв, урд нь суурьшлын бүс байдаг. Тиймээс өглөө, оройд оргил ачаалал нь үүсэж, түгжрэл нэмэгдэж байна.
-Бусад цэгийн талаар мэдээлэл өгнө үү. Адилхан шалтгаантай байна уу?
-Москвагийн болон Намъянжугийн гудамжны замын ачаалал адил шалтгаанаар буюу ойролцоох худалдааны төвүүдийн зогсоолын хүртээмж бага байдгаас болж ихэсдэг. Москвагийн гудамж замын хөдөлгөөн зохицуулалтын 11.1, Намъянжугийнх нь 9.2 хувийг эзэлжээ. Москвагийн гудамжинд “Хархорин”, “Сандэй-2”, “Барс-2” худалдааны төв байрладаг. Мөн баруун аймгууд руу чиглэсэн орон нутгийн зорчигч тээврийн терминал буюу “Драгон” төв бий. Эдгээр төвийн зогсоол дүүрэнгүүт замын хөдөлгөөнд нөлөөлж, ачааллыг нь ихэсгээд эхэлдэг. Энэ хоёр гудамжинд бас явган зорчигчийн гарц болон тээврийн хэрэгслийн зам огтлолцож байна. Москвагийн гудамжинд гэхэд Саппоро, Цамбагарав, “Хархорин”, 32 дугаар байр, Сүлжмэлийн үйлдвэр, Таван шар гэсэн таван байршилд явган хүний гарц бий. Тэр бүхэнд тээврийн хэрэгсэл зогсож, улмаар хөдөлгөөн удааширдаг. Тиймээс гүүрэн юм уу, нүхэн гарц хийх хэрэгтэй. Дээрх хоёр гудамжинд бас нэг адил шалтгаан байдаг нь төмөр замын гарам авто замтай нэг түвшинд огтлолцдог. Тодруулбал, “Нарантуул”-ын уулзварын урд, мөн Таван шард төмөр замын гарам байдаг шүү дээ.
Өдгөө Таван шарын гармын нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байгаа. Гарцын газар шорооны ажилтай холбоотойгоор галт тэрэг гармаар гарахдаа хурдаа сааруулж, 25 км/цагт хүргэж байна. Өмнө нь 60-70 км/цаг байсан хурдыг нь сааруулчихаар гарам хаах хугацаа илүү уртасчихсан. Улмаар тухайн хэсэг рүү чиглэсэн авто замын ачаалал ихсэж байгаа. Л.Энэбишийн өргөн чөлөө буюу III, IV хорооллын замын ачаалал нь бас худалдааны төв олон, зогсоолын хүртээмж бага байдагтай холбоотой. Түүнчлэн тэнд явган зорчигчийн зургаан гарц бий. Тиймээс уг цэгт бас гүүрэн, эсвэл нүхэн гарц байх ёстой гэсэн санал хүргүүлсэн. Нарны замын ачаалал бас худалдааны төвийн зогсоолын хүртээмжтэй холбоотой. Тухайн замын зүүнээсээ баруун руу чиглэсэн хөдөлгөөн нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн урд маш их түгжирдэг. Бас “Нарантуул” руу чиглэсэн хөдөлгөөн нь Тээврийн цагдаагийн албаны байрны урд түгжрэл үүсгэдэг. Их тойруугийн гудамжны тухайд “Дөлгөөн нуур”, “Өлзий” төвийн уулзварт дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай. Энэ хэсэг нь гурван эгнээтэй ч хүлээж авч буй зам нь хоёр эгнээтэй. Зам нь нарийсчихдаг гэсэн үг. Бас зүүн эргэх, буцаж эргэх хөдөлгөөн саад учруулдаг. Олимпын гудамжны тухайд замын ачаалал нь “Home plaza”-гийн урд хэсэгт төвлөрдөг. Тэнд зохицуулалтгүй буюу гэрлэн дохиогүй явган хүний гарц дөрөв бий. Үүнийг шийдэх арга нь явган зорчигч, тээврийн хэрэгслийн огтлолцлыг шийдэх буюу нүхэн, эсвэл гүүрэн гарц хийх шаардлагатай юм.
-Гэрлэн дохио суурилууллаа ч үр дүнгүй гэсэн үг үү?
-Үр дүн багатай. Одоо замбараагүй байгаа хөдөлгөөнийг тогтмол хугацаатай л болгоно гэсэн үг. Харин ачаалал хэвээрээ л байна. Тэгвэл гарц барьснаар хөдөлгөөний ачаалал буурахаас гадна явган зорчигчийн аюулгүй байдал ч хангагдана.
-Яармагийн зам түгжрэлтэй гэдэг шүү дээ. Тухайн замын түгжрэл ямар шалтгаанаар үүсээд байна вэ?
-Өмнө дурдсан цэгүүдийн ачааллаас болоод л Яармагийн замын түгжрэл ихсээд байгаа юм. Төв хэсгийн замууд нь Яармагаас ирсэн тээврийн хэрэгслийг хүлээн авч чадахгүй байна гэсэн үг. Жишээ нь, Энгельсийн гудамж буюу Механик инженерийн сургуулийн уулзварт ачаалал их байна. Тэгэхээр Яармагаас ирж, Цагаан хаалганы уулзвараар хойш эргэх гэсэн жолооч нар явж чадахгүй болдог. Ингээд Яармагийн замын ачаалал ихэсдэг. Түүнчлэн Яармагийн зорчигчид Чингисийн өргөн чөлөөгөөр буюу чигээрээ явлаа гэхэд 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүр бас ачаалалтай. Сонсголонгийн замаар явсан ч Москвагийн гудамжинд хүрээд замын түгжрэлд орно. Ерөөсөө л өмнө дурдсан есөн цэг нь ийм маягаар бусад гудамж, замд нөлөөлдөг. Хотын төвийн зам дүүрчихдэг учраас нэмж тээврийн хэрэгсэл орж ирэхэд хэцүү байгаа юм.
-ЗХУТ-өөс эдгээрийг шийдэх санал гаргасныг та өмнө дурдсан. Түүний дагуу хийж буй ажлууд бий юү?
-Бид таван газарт нүхэн болон гүүрэн гарцтай болох саналыг дээд шатны байгууллагуудад хүргүүлсэн. Энэ бол хамгийн эхний ээлжид хийх шаардлагатай ажил. Гарц барих ажил өдгөө зураг төсөл боловсруулах шатандаа яваа болов уу. ЗХУТ бол зөвхөн санал өгөх шатны л байгууллага.
-Аль аль цэгт гүүрэн болон нүхэн гарц барих вэ?
-Хамгийн эхнийх нь Үндэсний номын сангийн уулзварт байхаар төлөвлөсөн. Мөн “Home plaza”-гийн урд, “Ард” кинотеатрын автобусны буудал, ЭМЯ-ны орчимд, “Нарантуул”-ын уулзвар гэсэн таван байршилд гарц яаралтай барих шаардлагатай.
-Уулзваруудыг дахин төлөвлөх, инженерчлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
-МУБИС, Төв шуудан, “Дөлгөөн нуур”, “Өлзий” төвийн, Зүүн дөрвөн замын зэрэг 13 уулзварт дахин инженерчлэл хийгээд, нэвтрүүлэх чадварыг нь сайжруулах саналыг бид холбогдох байгууллагынхантай хамтран гаргасан. Мөн Механик инженерийн сургуулийн уулзварын буцах эргэлтийг өөрөөр төлөвлөх шаардлагатай. Үүнийг заавал том хэмжээний бүтээн байгуулалт хийхгүйгээр шийдэж болох зүйл. Жишээ нь, “Дөлгөөн нуур”, “Өлзий” төвийн уулзвар гурван эгнээтэй атал хүлээн авдаг зам нь хоёр эгнээтэй гэсэн шүү дээ. Ийм тохиолдолд хүлээж авдаг талыг нь адилхан гурван эгнээтэй болговол саадгүй зорчих боломжтой. Үүний тулд эгнээ тусгаарлагчийн байршлыг өөрчилнө. Боломжгүй бол замд эгнээ нэмж тавина гэсэн үг.
-Есдүгээр сарын 1 ойртсонтой холбоотойгоор замын түгжрэл ихсэж байна. Нөхцөл байдал одоо ямар түвшинд байна вэ?
-Наймдугаар сарын 15-20-ны үед замын ачаалал эрс ихэсдэг. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас хүмүүс ирнэ. Ялангуяа зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Өнөө жилийн тухайд энэ сарын 5-наас замын ачаалал нэмэгдэж эхэллээ. Бид замын хөдөлгөөний нөхцөл байдлыг өдөр өдрөөр дүгнэдэг. Ингэхдээ зорчсон тээврийн хэрэгсэл, хөдөлгөөн зохицуулалтын буюу гэрлэн дохио удирдсан тоо, зам, тээврийн осол болон бусад саад, хуульд заасан чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт, цаг агаарын нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг. Өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэх үеэр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарласнаар замын ачаалал 50-60 хувьтай байлаа. Бусад үед эл үзүүлэлт ихэвчлэн 80 хувиас дээш байдаг. 2022 оны арванхоёрдугаар сард их хэмжээний цас орсны дараа 94 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт болжээ. Одоо бол өдөр тутам 80-аас дээш хувьтай байна. Энэ үзүүлэлт 95 хувиас дээшилбэл тэг зогсолт гэж үздэг. Олон улсад бол тээврийн хэрэгслийн хурд 10 км/цагаас буурвал тэг зогсолтод тооцдог. Улаанбаатар хотын гол гудамж, замд 44 теле камер бий. Эдгээр цэгт ажиллаж байгаа тээврийн цагдаагийн алба хаагчаас гэрлэн дохиог зохицуулъя гэсэн мэдээлэл ирэхгүй болсон үед л хөдөлгөөн хэвийн гэж үзнэ. Одоогоор ихэвчлэн 22.30 цагаас хойш хөдөлгөөн саарч байгаа.
-Тээврийн хэрэгслийн тоо тогтмол нэмэгдэж байгаа нь замын ачаалал ихсэхэд нөлөөлсөн байх. Өдгөө өдөрт дунджаар хэдэн автомашин замын хөдөлгөөнд оролцож байна вэ. Ер нь нийслэлд хэдэн машин зорчвол зам ачаалалгүй байх боломжтой бол?
-Долдугаар сарын 31-ний байдлаар давхардсан тоогоор 397 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Тэгвэл энэ сарын 8-ны байдлаар 423 000 тээврийн хэрэгсэл болж нэмэгдлээ. Нэг машин хэдэн ч удаа зорчих боломжтой шүү дээ. Давхардаагүй тоогоор бол 200 000 орчим машин өдөрт хөдөлгөөнд оролцсон гэсэн үг. Зорчих хурдны тооцооллоос харвал Улаанбаатар хотын замд 85 000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой. Тээврийн хэрэгслийн тоо 156 000 болбол хурд 9-24 км/цагт хүрнэ. Харин автомашины тоо 198 000-аас олширвол найман км/цагаас бага хурдтай зорчино. Гэтэл манайд өдөр тутам давхардаагүй тоогоор 198 000-233 000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 660 000 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан. Энэ оны эхний хагас жилд 60 000 тээврийн хэрэгсэл нийслэлд шинээр бүртгүүлсэн. Улсын дугаар аваад, хөдөлгөөнд орох эрхтэй болсон гэсэн үг. Үүнээс гадна өдгөө хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор орон нутгаас иргэд машинтайгаа ирнэ гэхээр ачаалал нэлээд нэмэгдэнэ гэсэн үг.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. Үүнээс урьтаж буюу маш богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний санал ЗХУТ-өөс боловсруулсан уу?
-Жил бүр дугаарын хязгаарлалт хийдэг шүү дээ. Өнгөрсөн жил бол наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 4 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулсан. Үүнийг олон хүн сайнаар хүлээж авч байсан. Энэ жилийн тухайд наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл тэгш, сондгойгоор хязгаарлах санал хүргүүлсэн. Тэгснээр замын ачаалал 37.7 хувиар буурна гэж үзэж байгаа.
-Яагаад есдүгээр сарын 14 хүртэл хязгаарлахаар болсон юм бэ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 хоногоор урт хугацаа байна.
-Замын хөдөлгөөн есдүгээр сар гарангуут хэвийн болохгүй шүү дээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ бүрэн хангаагүй хүн олон бий. Тэр хэрээр түгжрэл их байна. Тиймээс л дээрх хугацааг тогтоосон.