Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Үүний хүрээнд Газрын багц болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр болсон байна. Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилга байгууламжийг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй уялдуулахыг анхааруулжээ. Мөн Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Дээрх хууль тогтоомжийн төслүүдийг батлах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглов.
Мөн үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, хааж барилга, байгууламж барьсан нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хотын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар хийлгэх нь зөв гэж үзжээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, онцгой байдлын байгууллагын төсөв, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэг хүргэх үйл ажиллагааг илүү боловсронгуй болгохоор болсон байна.